УИХ-ын гишүүн, Ардчилсан Нам (АН)-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон юм.

Хариуцсан сайдынх нь мэдээлснээр С.Эрдэнийг АН-ын зүгээс дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргажээ. Харин салбарын яамнаас С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлээд Чикагогийн дэд консулаар "шагнасан" гэв.

Тэгвэл change.org цахим хуудаст Gereltuya Tumurkhuyag хаягтай хэрэглэгч "Чикаго орчмын Монголчууд С​.​Эрдэнийг дэд консулаар хүлээж авахгүй" гарчигтай цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр "С. Эрдэнийг Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилсон шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.

Үндэслэл:

  1. Ардчилсан хувьсгалын анхдагч гэгдэж, 1989 оноос Багануур дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд Ардчилсан намын дарга хүртэл намын улс төрийн алба хашиж, УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдсон боловч Монгол хүний Монгол улсдаа амьдрах ажиллах боломжийг хулгайлсан;
  2. 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авч зувчуулсан хэрэгт холбогдож байсан;
  3. Улс гүрэн төлөөлж чадахуйц Дипломат ёсны боловсрол эзэмшээгүй;
  4. Ёс зүйн доголдолтой;
  5. Англи хэлний хангалттай мэдлэггүй" гэсэн байна.

Одоогийн байдлаар 824 хүн эсэргүүцэж санал өгсөн аж.

Сонирхуулахад АНУ-ын Чикаго хот орчмоор 15,000 гаруй Монгол иргэд аж төрдөг гэсэн албан бус тоо байдгийг “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн У.Зоригтбаатар нэгэн ярилцлагадаа онцолж байв.