Одоогоос зургаан жилийн өмнө нэгэн томоохон газрын маргааны талаар шуугиан дэгдэж байв.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээс улбаатай тэр газрын асуудал босож ирсэн байдаг. “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэсэн уг захирамжид “…Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн захирамж болоод ИНЕГ-т холбогдох хэсэг, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошео Эко Энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв” гэжээ.

 

Тодруулбал, Засгийн газраас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал барих зориулалтаар 1200 га газрыг ИНЕГ-т эзэмшүүлэхээр шийджээ. Гэтэл Сэргэлэн сумын Засаг дарга дээрх 1200 га-гийн 200-г нь ИНЕГ-т давхцуулан олгожээ.

 

Тэр газар нь “Жуулчин Монгол наадам” ХХК-ийн “Тахилтын Энгэр”-т 400 га газартай давхцсан талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байв.

Хамгийн гол нь ИНЕГ Олон улсын нисэх буудал барих зориулалтаар эзэмшиж байсан газраасаа 120 га-г нь хувийн компанид дур мэдэн шилжүүлчихжээ. Энэ талаарх маргааныг Тав аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байгаа юм. Шүүхээс “…Нэхэмжлэгч болоод хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм гэж үзлээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийджээ.

Мөн “…Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бусадтай нэгэн адил биелүүлэхийг дурдсугай” гэжээ.

 

Ингээд Олон улсын нисэх буудал барих газрыг газрыг давхардуулж удаа дараа олгосон Сэргэлэн сумын Засаг дарга ч, төрийн өмчийг дур мэдэн хувийн компанид өгсөн ИНЕГ ч аль аль нь буруугүй болж үлдсэн юм.

 

Гэхдээ үүний дараа ИНЕГ-ын газраас хүртсэн “Мошео Эко Энержи” ХХК-ийн талаар хэвлэлүүд удаа дараа мэдээлсэн. Тухайн үед хэвлэлүүдээр “…Морьтны хишиг хүртэнэ гэгчээр “Моше Эко Энержи” гэдэг компани завшсан үйлдэл шүүхийн шийдвэрээс харагдав.

Тэгэхээр “Мошео Эко Энержи” гэдэг компанийн талд ямар хүч үйлчлэв гэсэн асуулт анхаарал татав. Энэ тухай лавлан сураглабал уг компани нь Дааданхүүгийн Батбаатар гэгчийн хувийн компани аж” гэж бичиж байжээ. МХЕГ-ын дарга, МАН-ын Хяналтын хорооны дарга байсан Д.Батбаатар тухайн үед ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод байв. Д.Батбаатар одоо Узбекистан улсад Элчин сайдаар сууж байгаа билээ.

Хэвлэлүүд цааш нь “…АН засгийн эрх барьж байх үед тэрхүү 120 га газрыг ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа, “Моше Эко Энержи” ХХК-д олгож. Үүнийг Г.Нямдаваагийн чармайлт юм уу гэтэл яг тийм биш юмаа. Харин Д.Батбаатарын төрсөн дүү Д.Батчулуун гэгч ИНЕГ-ын тэргүүн дэд дарга буюу “Г.Нямдаваагийн орлогч” байж л дээ. Мань нөхөр ахдаа газар бэлэглэсэн болж таарав.

Энэ мэтээр л төрөөр, намаар ах дүүс, танил талаараа бусдад нөлөөлдөг эрх мэдэлтнүүд өөр нэгнийг хохироож өөрсдөө ашиг хүртэж суудаг болжээ” гэсэн нь хэвлэлүүдийн хуудаснаа үлджээ.

 

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин