Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих асуудал “худлаа” болчихлоо гэдгийг УИХ-ын гишүүд яриад эхэллээ. Харамсалтай нь үүнд асар их хөрөнгө зарцуулсан байдаг. Манай сайт Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа явуургүй байгаа тухай өмнө ХЭД ХЭДЭН цуврал нийтлэл бичиж байсныг та линкэн дээр дарж уншаарай. 

https://amlalt.mn/p/1000056 , https://amlalt.mn/p/1000056 https://amlalt.mn/p/1000351

Автомашины бензин шатахуун, шатах тослох материалын тухайд ОХУ-аас импортын хувьд шууд хараат байдаг Монгол Улсын хувьд газрын тосны үйлдвэр байгуулах нь стратегийн ач холбогдолтой төдийгүй Үндэсний аюулгүй байдлын хэмжээний том асуудал, бас амбиц, мега сэдэв.

Ийм учраас манай улсын Засгийн газар эл асуудалд ихээхэн анхаарч Энэтхэг улсаас олгох болсон нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийг нефтийн үйлдвэр барихад зориулахаар болж одоогоос 7 жилийн өмнө буюу 2018 оны 06 сарын 22-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан.

Тус ёслолын арга хэмжээнд Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцсон байдаг. Шав тавих ёслолын арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах нефтийн үйлдвэр бол Монголын ард түмнийг шатахуунаар хангах хамгийн том үйлдвэр гэж би хувьдаа ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход тус үйлдвэр бидэнд хамгийн чухал нөлөөлнө. Жил ирэх тусам шатахууны үнэ нэмэгдэж, Засгийн газар үнээ барьж чадахгүй байна гэж ард иргэд маань шүүмжилдэг. Бид одоо асуудалд цаг зуурын байдлаар хандаж бие биенээ хуурахаа болъё. Нефтийн үйлдвэрээ хурдан баръя. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дэлхийн зах зээлийн давалгаан дээр явагдаж байгаа нефтийн үнээс бид эх орноо хамгаална. Би үүнд итгэлтэй байна. Үйлдвэр 2022 онд ашиглалтанд орно” гээд Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар “өөрийн талын хүн” болох Д.Алтанцэцэг гэх эмэгтэйг томилсон.

Харамсалтай нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн 4 жилийн дараа баригдана гэж байсан нефтийн үйлдвэр энэ үйл явдлаас хойш 7 жил өнгөрсөн ч өнөөдөр хүртэл баригдаж дуусаагүй, дуусах ч яагаа ч үгүй, хэзээ баригдаж дуусах нь ч тодорхойгүй хэвээр байна.

Гэсэн атал Д.Алтанцэцэг захирал үе үе УИХ, Засгийг газрын хуралдаанаар нефтийн үйлдвэрийн асуудлаа оруулж, цар тахал, валютын ханш, ажиллах хүчний хомсдол, үйлдвэрийн болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зах зээлийн нөхцөл гэх зэрэг шалтгааны улмаас анхны төсөв нь жил бүр нэмэгдсэн шалтгааныг дурьдаж, өдгөө анхны төлөвлөлтөөс 400 гаруй сая ам.долларын хөрөнгө шаардлагатай болж байгаа гэх ч мөнгө нь нэмэгдэж байгаа шигээ ажил нь тэр чинээгээр урагшлалгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Товчхондоо Нефтийн үйлдвэртэй болох тухай “үлгэр эхэлснээс хойш” 7 жил өнгөрч Үйлдвэрийн барилгын үйл ажиллагаанд нийт 1.4 тэрбум ам.доллар зарцуулж байж барьж дуусах тухай асуудал яригдаж байгаа ч хэдэн онд дуусах, дууссаны дараа түүхий нефтиэ хаанаас татах, ахин зардал нэмэгдэх эсэх, газрын гүний усыг хэрхэн ашиглах зэрэг асуудал нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Тэр бүү хэл тус үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг барьж эхлүүлсэн хэвийн хэвшлийн барилгын компаниуд өдийг хүртэл оруулсан хөрөнгөө авч чадахгүй хүрч ажилчид нь төрийн ордны үүдэнд жагсаж байсан удаатай.

Дээр дурьдагдан буй 1.4 тэрбум ам.долларыг Монголчууд та бид, татвар төлөгчид төлнө. Эхнээсээ Энэтрэг улсад төлөх зээлийн эргэн төлөлтийн асуудал нь сөхөгдөөд эхэлсэн ч өнөөдөр та бид энэ үйлдвэр хэзээ ашиглалтанд орж, үүнээс ямар ашиг хүртэхээ ч хэлж мэдэхгүй сууж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дах Нефть боловсруулах үйлдвэрт очиж ажиллах үеэрээ “тус үйлдвэрт шаардлагатай хөрөнгө оруулалтын болон зээлийн хэлэлцээртэй холбоотой эдийн засгийн асуудлыг УИХ-аар оруулан шийдвэрлэхээ илэрхийлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа” тухай дурьдав.

Ойрын өдрүүдэд УИХ-ын холбогдох Байнгын хороодын хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлийн хэлэлцээрийг байгуулах, эдийн засаг, зардлын тооцоотой холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Энэ үеэр нэр бүхий УИХ-ын гишүүд тус үйлдвэрийн асуудалд нэлээд шүүмжлэлттэй байдлаар хандсан байна.

Тухайлбал,

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Ганбат 2025 оны 01 сарын 13-ний өдөр “Ванга шиг хэлье, 3 жилийн дараа Газрын тосны үйлдвэр дуусахгүй, 300 сая доллар нэмье гээд л сууж байх болно” гэв.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл 2025 оны 01 сарын 17-ны өдөр сэтгүүлчийн асуудалд хариулахдаа “2028 онд энэ үйлдвэр ашиглалтанд орох эсэх нь эргэлзээтэй байна. Үйлдвэр өндөр өртөгөөр баригдах учраас эцсийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх магадлалтай. Гэсэн хэдий ч валют гадагшаа урсахгүй байх талаасаа эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Газрын тосны үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх судалгаанд зориулсан зардлыг одоогоор хаана ч тавиагүй байгаа ч цаашдаа эл зардал, санхүүгийн асуудлыг шийдэж байж нөөцөө нэмэгдүүлэхээс өөр аргагагүй нь үнэн” гэв.

2025 оны 01-р сарын 20-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголчууд газрын тосны үйлдвэрийн төслийг анхнаас нь бүгд дэмжиж байсан. Гэхдээ ямарч ТЭЗҮ, тооцоо судалгаа, үндэслэгээг нь харахгүйгээр энэ олон зуун сая ам.долларыг батлаад байна гэвэл дараа нь бид хэрэгт орж, хариуцлага хүлээнэ шүү…, Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г өнгөрсөн таван жилд харсан хүн байна уу?…, Би уг нь хүнийг хүндлэх гээд л оролдоод байгаа юм, гэхдээ та нар их том байнаа, ТЭЗҮ үзэж болноо гээд л…, болноо бишээ, УИХ-ын гишүүд Монголын ард түмний өмнөөс дараа нь иргэдийн төлөх зардлын өмнөөс шийдвэр гаргахдаа ТЭЗҮ, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүйгээр ухаантай царайтай, гоё ярьсан зүйлийн өмнөөс харанхуй итгэж УИХ-ын гишүүд шийдвэр гаргавал та бид хууль зөрчиж байгаа явдал шүү. Ийм тэнэг арчаагүй байдлын зогсоох гэж УИХ-ын гишүүд та бид сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж байгаа шүү…” гэв.

Энэ бүгдээс харахад “ажил нь урагшладаггүй, амжилт нь харагддаггүй” Газрын тосны үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг гэдэг хүн байж байгаад л “үйлдвэрийн ажил санхүүжилтгүйн улмаас зогслоо” гэх нэрээр УИХ, Засгийн газраар “мөнгө батлуулж” байгааг С.Ганбаатар нарын гишүүд эрс эсэргүүцсэн байна.

Тиймээс газрын тосны үйлдвэрийн ажлыг урагшлуулья, улс орны хэмжээний энэ мега төслийн ажлыг явуулья гэж бодож байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд та бүхэн 7 жилийн турш энэ үйлдвэрийн захирлаар ажилласан ч товчхондоо “ямарч бүтээмжгүй” атлаа, УИХ-ын гишүүдийн өмнөөс том том яриад сууж байгаа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийг нэр даруй чөлөөлж, чадварлаг менежер хүнд энэ ажлыг хариуцуулж өгөх нь зүйтэй. Эс бөгөөс дахиад хэдэн жилийн дараа Газрын тосны үйлдвэр чүгүй, үр дүн ч үгүй, мөнгө ч үгүй, Монголын ард түмэн Энэтхэгт улсад их хэмжээний өр зээлтэй үлдэх бий дээ.

Мөн Газрын тосны үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн болон ОУ-ын аудит оруулж, шалгуулахын зэрэгцээ АТГ, Эрүүгийн Цагдаагийн газраас энэ байгууллагад шалгалт хийх цаг нь аль хэдийнээ болжээ.

Ц.Мөнх

Эх сурвалж: AMLALT.MN