УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр гишүүд Засгийн газрын төлөөллөөс асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын танхимд Монгол Улсын хөгжүүлэхгүй гэдэг нэг ч гишүүн байхгүй. Бүгд нүүрсээ заръя, төмөр замтай болъё гэж байгаа.

Харин Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээсэй. Пиар нь хэтрээд байна. УИХ-д нүүрсчдийн бүлэглэл, мафи байгаад тэр нь гацаагаад байгаа юм шиг пиар явуулдаг. Ц.Туваан сайд Монгол Улсын алдагдсан боломжийн талаар ярьсан. Хэн үүнд буруутай юм. Эзэн биетэй зүйл ярь. УИХ-д оруулж ирсэн төсөл, гэрээ хэлцэл дундаас нь юм асуухаар мафийн гар хөл болгодог. Юманд хэмжээ хязгаар гэж бий шүү.

Засгийн газар Чайна Энержигийн гэрээтэй холбоотой захиалгат нэвтрүүлэг хийж бүх телевизээр цацлаа. Нэвтрүүлгийг хөтөлж байгаа хүн нь А.Амундра.

А.Амундра бол өнгөрсөн онд болсон нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан этгээд. Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хамгийн том оффтэйк гэрээг хийсэн компанийн захирал. Тийм хүн Засгийн газрын пиарыг хийж байна.

Одоо хэр нь Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудыг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудалд хуруу байтугай хумсаа ч хөдөлгөөгүй. Нүүрсний хулгайд холбогдсон нөхөд албан тушаалт томилогдож, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа. Үг яриа биш үйлдэл нь харуулаад байна" гэв.