Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний төрсөн өдрийг тэмдэглэж, мөнгөн аяга бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. 

Тодруулбал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн тушаалаар сайд С.Бямбацогт, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Одхүү, Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Энхбаяр, Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Ж.Амаржаргал нарын 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийн төсөв гаргажээ.

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ. 

Тэрбээр, Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.

Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.

Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.

Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо,, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно.