Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхсэн мега төслүүдийг эрэмбээрээ тэргүүлж байгаа нь Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт.

Арав илүү жил гацаж, алдагдсан боломж нь хэдэн тэрбумаар яригддаг уг төслийг хэрэгжүүлэх Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг УИХ-аас Засгийн газарт олгож, хэлэлцээр байгуулахад баримтлах Үндсэн чиглэлийг баталсан. Харин тус гэрээнд энэ сарын 14-нд зурахаар болсон байна. Гэвч үүнтэй холбоотойгоор манай улс төр улайсгасан төмөр шиг болтлоо халж эхлэх бололтой.

Төмөр замын хил холболтын энэ ажил улстөрчид, бүлэглэлүүдийн эрх ашгаас болж олон жил гацсан. Овоо нэг юм гацаанаас гарч хөдөллөө, ойлголцолд хүрлээ гэж байтал гацаагсад тийм ч амар бууж өгөхгүй бололтой. Их хурлаас баталж өгсөн Үндсэн чиглэлийн дараалалд өөрчлөлт оруулж, төмөр замын хил холболтоо биш, нүүрсний гэрээг нэгдүгээрт эрэмбэлсэн гэдгийг зарим гишүүд хэлсэн. Хэрэв үнэхээр ингэсэн нь үнэн бол нөгөө л эрх ашгийн асуудал дуусаагүй, харин ч улам ширүүнээр үргэлжилсээр байгааг харуулж байгаа юм. Ямар ч байсан асуудал энэ сарын 14-нд гарын үсэг зурснаар дуусна. Харин тэр болтол улс төр хэдий хэр хэмжээгээр улайсч, улангасч, тэр нь Монгол Улсын болоод нийт монголчуудын эрх ашигт ямраар нөлөөлөх вэ гэдэг л байна даа.

Т.ИсгЭЛ