Н.Тавинбэх: Халаалтаа цахилгаанаар шийдсэн өрхүүд сард 110-240 мянган төгрөгийн эрчим хүчийг үнэгүй хэрэглэж байгаа
2 цагийн өмнө
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол хоёр өдрийн турш Төрийн ордонд үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн.
Энэ үеэр эрчим хүчний утааны асуудалтай холбогдуулан халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдийн асуудал ямар байгаа тухай асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан халаагуур ашиглах нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан. Үүний хүрээнд улсын төсвөөс 86.4 тэрбум төгрөг зарцуулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 158.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр 41,964 айл өрх цахилгаан халаалтад шилжсэн гэж байна. Гэтэл бид өнгөрсөн намар цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Энэхүү 138 мянган хэрэглэгчийн шөнө хэрэглэсэн эрчим хүчний үнийг Засгийн газар төлж барагдуулдаг. Нэмэгдсэн үнээр хүчдэлийн түвшнээс хамаарч сардаа 110-240 мянган төгрөгийн эрчим хүчийг үнэгүй хэрэглэж байгаа.
Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудын хэрэглээ огт буурахгүй байна. Засгийн газраас цахилгааны үнийг нь төлдөг цагуудаас бусад үед төлөх эрчим хүчний үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчид цахилгаан халаалтын шийдлээ өөрчлөөгүй.
Цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд олон дамжлага дамжуулдаг. Дамжлага бүр өөрийн зардал өртөгтэй. Өөрөөр хэлбэл халаалтаа цахилгаанаар шийдэх нь үнэ өртгийн нэг хэлбэр болдог. Тиймээс цаашдаа агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгаанаар халаалтаа шийднэ гэвэл иргэдэд заавал санхүүгийн дэмжлэгийг төр бодлогоор авч хэрэгжүүлэх шаардлагатай.