Нийслэлийн ХУД-т оршин суугч зарим иргэн мэдээлэл хийлээ. Тэд “УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн сүүлийн үед гаргаж буй ааш, авиртай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна” гэв.  

ХУД-ийн 19 дүгээр хорооны иргэн н.Пүрэвсүрэн “Ч.Лодойсамбуугийн сүүлийн үед ярьж буй зүйлсийг үнэхээр ойлгохгүй байна. Тэр яагаад Баялгийн сангийн тухай хуулийг эсэргүүцээд байна вэ. Өөрөө сонгуульд нэр дэвшихдээ 238 сая төгрөгийн хандив авсан гэсэн, үүнийгээ яагаад тайлбарлахгүй байна вэ” гэв.  

ХУД-ийн 20 дугаар хорооны оршин суугч “Ч.Лодойсамбуу гишүүнийг өөрийгөө хараач гэж хэлмээр байна. Өөрөө сарын 20 сая төгрөгийн түрээсийн байранд амьдардаг гэж хэлсэн. Байр нь өөрт нь үлдэхгүй. Гэтэл сард 20 сая төгрөг төлөх нь түүний хувьд энгийн асуудал бололтой. Энэ мөнгийг яаж олдог юм бол. Төрийн албан хаагчийн бүтэн нэг жилийн цалин шүү дээ.

Мөн манай дүүргээс сонгогдсон хэр нь эргэн ирж нэг ч удаа уулзаагүй. Манай дүүргээс сонгогдсоныг нь бараг мартах нь” гэв.

ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн н.Батжаргал “Ч.Лодойсамбуу манай тойргоос сонгогдсон гурван гишүүний нэг. Цэргийн тангараг өргөсөн бэлтгэл офицер хүний хувьд би төрийн далбаа урсныг нь бодохоор нэр дэвшихэд нь л дургүй байсан. Ийм танхай, балмад хүнийг ХУД-ийнхэн сонгосонд одоо хэр нь харамсаж явдаг. Ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын болчхоод эргээд бид нартай уулзахгүй алга болсон.

Мөн энэ хүн Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэж байхад яаран, сандран гарч ирж эсэргүүцсэн. Энэ хүн Монголын ард түмний баялгийг эзэмшсэн цөөн хэдэн баячуудын эрх ашгийг хамгаалж энэ хуулийг эсэргүүцсэн гэж харж байна. Тиймээс ХУД-ийн иргэд, сонгогчдын төлөөллийн хувьд энэ хүнийг УИХ-ын гишүүн байх эрхгүй гэж үзэж байгаа. 

Улмаар Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар D-Parliament цахим хуудсаар 100,000 хүний гарын үсэг цуглуулахаар шаргуу ажиллана” гэв.