Засгийн газар өчигдөр /2025.3.6/ хуралдлаа. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаахудагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа учир УИХ-ын тогтоол гаргаж, уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж тогтоолын төсөл боловсруулсан” гэсэн юм. 

Энэ мэдээллийн дараа Монголын улс төр, бизнест нэр нөлөө бүхий иргэн О өөрсдийн үг, эсэргүүцлийг илэрхийлэх хэмжээний 5-6 улстөрчид чиглэл өгчээ. Тэр даруйд цахим сүлжээнд мэдэгдлүүд хийж байна. Улмаар О.Алтангэрэлийн хариуцсан салбарууд руу ч “буудаад” эхэллээ. “Чиглэл” ёсоор өнөө, маргаашдаа дахиад 4-5 улстөрч Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын эсрэг үзэл бодлоо илэрхийлэх учиртай юм байна.

О.Алтангэрэлийн энэ мэдээллийн “гол баатар” Ухаахудаг гэж аргагүй том эрх ашиг аж. Түүний мэдэгдэл могой жилийн улс төрийн эхлүүлчих шиг боллоо.