Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. Зөвлөхүүд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэсэн дүрэмтэй.

 

Ерөнхий сайдын зөвлөхүүдийн багийг танилцуулж байна.

 

Ахлах зөвлөх Д.Амгаланбаатар

 

Тэрээр “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал. Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад зөвлөхөөр томилогдсон. Д.Амгаланбаатар өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр мөн ажиллаж байсан билээ.

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх П.Зохихсүрэн

 

П.Зохихсүрэн нь математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. ЗГХЭГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болжээ.

 

Гадаад харилцаа, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх М.Бадамлянхун

 

Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн доктор. 

 

Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Ч.Болортуяа

 

Сэтгүүлч мэргэжилтэй. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. GoGo.mn сайтад ерөн­хий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ. Мөн ”Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ, “Илгээлтийн багш” ТББ-уудын үүсгэн байгуулагч юм.

 

Эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Д.Дашням

 

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв. Мөн “Юнайтед продакшн” ХХК, “Маршал гардианс эжэнси” ХХК зэрэг дүрс бичлэгийн компанитай.

 

Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөх Д.Ирмүүн

 

МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

 

Хуулийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жамбал

 

Ерөнхий сайдын Хуулийн бодлого хариуцсан зөвлөхөөр Б.Жамбал ажилладаг. Тэрээр өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

 

Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх П.Анужин

 

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Тэрээр өнгөрсөн парламентын сонгуулиар Зүүн бүсийн тойрогт Ерөнхий сайдтай хамт нэг баг болон нэр дэвшсэн байдаг.  Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.

 

Улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Э.Эрдэнэжамъяан

 

Ерөнхий сайдын Улс төрийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Эрдэнэжамъяан ажиллаж байна. Тэрээр МАХН-ын Нарийн бичгийн дарга, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

 

Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Батсүх

 

Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажилладаг. Б.Батсүх нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн хэмээддэг билээ. Гэр хорооллын нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам юм.

 

Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд орон тооны зөвлөхөөрөө гурван хүн томилсны нэг нь хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар юм. Тэрээр ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан билээ.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин