Хотын дарга Х.Нямбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр автомашины бизнес эрхлэгчдийг хэдэн “халтар төгрөг цуглуулсан шуналтай ченжүүд” гэх зэргээр хэлсэн.

Тэгвэл уг асуудлаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, 1 тэрбум төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм.

Тэд ийнхүү нэхэмжлэл гаргахдаа тухайн үнийн дүн болох тэрбум төгрөгийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан билээ. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр уг хүсэлтийг хэлэлцэж, бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Хотын дарга Х.Нямбаатарын хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тус хэргийн шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахаас хамаарч нэг тэрбум төгрөгийг Х.Нямбаатар буцаан авах уу, “Эко автомашин импортлогчдын холбоо” НҮТББ нэр хүндээ сэргээлгэх хүрээнд авах уу гэдэг нь шийдэгдэх юм.