Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү
8 цагийн өмнө
Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Трампын шийдвэрүүд дэлхийг улс төртэй, эдийн засагтай нь хөдөлгөлөө. Ардаа “Америк мөрөөдөл”-тэй түүний шийдвэрүүд улс орон бүрт янз янзаар л туслаа.
Манайд гэхэд улс төрийн хувьд болгоомжтой байхыг, эдийн засгийн тухайд бэлтгэлтэй байхыг шаардаж байна. Америк-Орос, Америк-Хятад харилцаанууд нэмэх, хасах шиг байгаа үед Монгол Улс маш төв бодлого барих учиртайг хашир дипломатчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд хэлэх болов.
Нөгөөтэйгүүр, Трампын тарифын бодлогоос болоод манай эдийн засгийг гол тэтгэгч нүүрсний үнэ унасан. Түүнээс болоод экспортоос ордог ашиг нам унав. Энэ сацуу “...Эдийн засгийн ийм донсолгооноос өмнө Гашуунсухайтын гэрээг байгуулж авсан нь аз боллоо” гэх дүгнэлтийг эдийн засагчид хийгээд эхэлж байна. Дахиад нэг, эсвэл 2-3 сараар хойшилсон бол уг гэрээ хийгдэлгүй, унах байж л дээ. Өнөөдрийн нөхцөл байдал үүнийг нотолж буй аж. Түүнчлэн Трампын олон талт бодлого Монголын дотоод дахь зарим асуудлыг ч шийдэх бололтой байна. Энд хэрэг түвэг үйлдэж, эсвэл болох болохгүй асуудалд нэр холбогдсон манай сайн эрс “эрх чөлөөний арал” Америкт очоод суучихдаг. Тэнд тийм шалтгаанаар амьдардаг улс төр, бизнесийн салбарынхан, эрүүгийн ертөнцийн цуутай хүмүүс олон бий.
“Тэдний дунд аль 1998 онд Монгол Улсын хилээр гараад явчихсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд ч байдаг” гэх мэдээлэл бас дуулдаад байгаа юм.
Хамгийн гол нь Монголын хууль хяналтынхан тэднийг олж авчрах гээд чаддаггүй байв. Олон жилийн туршид “...Хүнээ авъя” гэж тэднийд хандсан. Харин тэд “...Хүний эрх” гээд өгдөггүй. Сүүлд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хандаад ч тусыг эс олжээ. Тэгвэл Трампын цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд Америкийн тал манай “шувууд”-ыг шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн байна. Америкийн тал анх удаа Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтийг хүлээж авахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Сайн эрсийг авах ажил “Шувуу” ажиллагааны хүрээнд явагдах талаар ч яригдаад байв. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолчих шиг боллоо.
Тэрээр “…Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” гэжээ. Тиймээс Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирж мэдэхээр болсон бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 6 цагийн өмнө
ANUSN80955877