Германы шигшээ хөлбөмбөгийн Дэлхийн аварга боллоо
2014/07/13
ГЕРМАН 1:0 АРГЕНТИН: ГЕРМАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО! СУПЕР МАРИО 24 ЖИЛ ХҮЛЭЭСЭН 4 ДЭХ ЦОМЫГ АВЧРАВ!
ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО! МАРИО ГӨЦЕГИЙН 113 ДАХЬ МИНУТАНД ОРУУЛСАН ГООЛ ОЛОН ОЛОН ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ, ШИГШЭЭ БАГТАА 4 ДЭХ ЦОМЫГ НЬ АВЧРАВ. 24 ЖИЛ ХҮЛЭЭСЭН АЛТАН ЦОМ ГЕРМАН УЛСАД ИЙНХҮҮ ЭРГЭН ИРЛЭЭ.
Энэ мөчийг Германы фенүүд 24 жилийн турш хүлээсэн юм. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн хүчирхэг шигшээ багуудын нэг Герман шигшээ тоглолтонд Аргентинийг 1:0-ийн харьцаатайгаар буулган авснаар, ДАШТ-д 4 дэх удаагаа түрүүллээ. Тэд Америк тивд түрүүлсэн анхны Европ баг болж, 8 дахь удаагаа финалд шалгаран 4 дэх цомоо өөрсдийн болгов.
7-р сарын 14. Рио-де-Жанейро. "Маракана". 74738 үзэгч. |
|
ГЕРМАН - АРГЕНТИН - 1:0 (0:0) | |
Марио Гётце, 113 (1:0). | |
ГЕРМАН | АРГЕНТИ |
Мануэль Нойер | Серхио Ромеро |
Филипп Лам | Пабло Сабалета |
Жером Боатенг | Мартин Демичелис |
Матс Хуммельс | Эзэкүэл Гарай |
Бенедикт Хёведес | Маркос Рохо |
Кристоф Крамер, 31 | Энцо Перес, 86 |
Бастиан Швайнштайгер | Хавьер Машерано |
Томас Мюллер | Лукас Билья |
Тони Кроос | Эзэкүэл Лавесси, 46 |
Месут Өзил, 120 | Лионель Месси |
Мирослав Клозе, 88 | Гонсало Игуаин, 81 |
Сэлгээ: | |
Андре Шюррле, 31 | Серхио Агуэро, 46 |
Марио Гётце, 88 | Родриго Паласио, 81 |
Пер Мертезакер, 120 | Френандо Гаго, 86 |
Хуудас: |
|
Бастиан Швайнштайгер, 29 | Хавьер Машерано, 64 |
Бенедикт Хёведес, 34 | Серхио Агуэро, 65 |
Тэмцээний эхнээс К.Роналду тэргүүтэй Португалыг бут ниргэж, өөрсдийгөө гол фаворитуудын нэг шүү хэмээн чанга дуугаар зарлаж байсан Германы баг тэр эрчээрээ явсаар түрүүлж чадлаа. Алжир, Ганын багууд дээр багахан барьц алдсан ч Бразилыг, Францыг, Америкийг илүүрхэн хожсоор түрүүлэв. Төгс гүйцэтгэл, төгс дамжуулалтууд, төгс хамгаалалтууд нь тэдний амжилтын үндэс байлаа.
Германы багийн хамгаалалт энэ өдөр гайхалтай байлаа. Ж.Боатенг, М.Хюммельс нарын бөмбөг таслалтууд багтаа их хэрэг болов. Урагшаа шахсан хамгаалалтын байрлалаас хурдтай довтлогчид бүхий Аргентинчууд алсын болон урт дамжуулалтуудаар сугарч гарч байсан ч тэд удаа дараа бөмбөгийг хамгаалж, довтолгоог зогсоосоор байв. Б.Швайнштейгер, Т.Кроос нар маш сайн буцаж, хамгаалалтандаа тусалж байсныг ч онцлох хэрэгтэй. Эцсийн мөчид тасалж, зогсоосон хамгаалалтуудынх нь дараа олон фенүүд нь урт амьсгаа авч байсан нь лавтай.
Дасгалжуулагч И.Лёв эцсийн эцэст зорьсондоо хүрлээ. Олон хүнд өөрийн гэсэн арга барилгүй, топ клубүүдээ хуулбарлаж, тийм ч их зүйл хийдэггүй, том тоглолтонд үргэлж бүтэлгүйтдэг хэмээн шүүмжлүүлдэг тэрээр энэ удаад өөрийгөө бүрэн харуулж чадлаа. Францын хурдтай багийг саармагжуулах мастер төлөвлөгөө нь гайхалтай хэрэгжиж, Бразилыг талбайд нь нуман тулгуурт оруулах их санааг зөвхөн тэр гаргасан. Энэ удаад ч гол тоглогч С.Хедира нь халаалтын үеэрээ гэмтэхэд түүнийг орлуулахаар 23 настай, өмнө нь шигшээдээ гараанд гарч үзээгүй К.Крамерийг илгээсэн нь олон хүнийг гайхшруулав. Хэдий тэр гэмтэл авч 30хан минут тоглосон ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдаагүй. Түүнийг гэмтэл аван талбайг орхиход оруулсан сэлгээ нь ч санаанд оромгүй байлаа. Гоол оруулсан, дамжуулалт өгсөн тоглогчид бүгд сэлгээгээр орж ирсэн тоглогчид байсныг мартаж болохгүй.
Герман машин зогсох болоогүй. Энэ бол Германы шигшээгийн шинэ эрин үеийн дөнгөж эхлэл байх учиртай. Энэ баг бараг тэр чигтээ 2 жилийн дараах Евро, 4 жилийн дараах ДАШТ-д ч оролцох боломжтой. Ид үедээ байгаа Б.Швайнштейгер, Ф.Лам нар эцсийн эцэст том тэмцээнд аваргалж чадлаа. 4 ДАШТ дараалан хагас шигшээд шалгарсан анхны баг болсон тэд 2002 онд мөнгө, 2006 онд хүрэл, 2010 онд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад ийнхүү алтан медалийн эзэд болов. ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болсон Мирослав Клозе 4 дэх медалиа хүртэн агуу амжилт үзүүлжээ.
Энэ бол төгс багийн эсрэг төгс супер одын тулаан байлаа. Л.Месси хэдийгээр өөрийн нандин хууралтууд, гайхалтай ур чадваруудаараа нэг, хоёр хамгаалагчаас хөнгөхөн сугарч гарч ирж байсан ч байрлалаа зөв эзэлж, хурдан буцалт хийж байсан Германы шигшээ багаас сугарч гарч чадахгүй байв. Түүнийг багаараа хамгаалж, зогсоож байсан нь ялалтын үндэс нь болов. Месси өөрийгөө ямар гайхалтай тоглогч вэ гэдгээ удаа дараалан харуулж, олон хүнд батлан харуулж байсан ч эцсийн эцэст хүчин мөхөсдөв. Алтан бөмбөг шагналын эзэн болсон нь түүний энэ ДАШТ-д ямар сайн байсныг илтгэх нэг үзүүлэлт биз ээ. Харамсалтай нь тэр Марадонагийн бүтээсэн гайхамшигт хүрч арай л чадсангүй. Түүнд тоглолтын дундуур тооны харьцааг нээх сайхан боломж гарсан ч тэр хаалгаа онож чадаагүй. Мөн тоглолтын төгсгөлд хаалттай цохилтоор тоог тэнцүүлэх боломж гарсан ч ашиглаж чадсангүй.
Мессигийн багийн андууд үүргээ сайн гүйцэтгэж чадсангүй. Гэхдээ энд Машераног оруулж болохгүй. Хавьер Машераногийн баатарлаг хамгаалалтууд, цагаа олсон таслалтууд нь байгаагүй бол Герман аль хэдийн тоог нээчих байлаа. Г.Игуайн, Р.Паласиос тэргүүтэй довтлогчид нь өөрсдийн боломжоо ашиглаж чадсангүй. Тони Кроосын гаргасан алдааг Игуайн ашиглаж, хаалгачийн эсрэг сул гарахдаа бөмбөгөө оноод цохичихсон бол, аль эсвэл Хюммелсийг ганцхан удаа давсан бөмбөг Паласиосийн цээжин дээр яг ирэхэд аятайхан шиг бөмбөгөө тогтоочихсон бол гэсэн харуусал олон Аргентиний фанатуудад байгаа нь лавтай. М.Демичелис, Э.Гарай тэргүүтэй хамгаалагчид тоглолтын турш муугүй тоглож байсан ч ганцхан удаа байраа алдаж, алдаа гаргасныг нь Германчууд өршөөсөнгүй.
Аргентиний шигшээ дэлхий нийтэд гайхалтай финалыг, гайхалтай тулааныг үзүүлж чадлаа. Тэд хойшоо сууж хамгаалаагүй, бөмбөгөө нууж уйтгартай тоглолт гаргаагүй. Тэд тэмцэлдсэн, тэд зүтгэсэн, тэд хичээсэн. Та бүхэнд баярлалаа.
ОНЦЛОХ МӨЧ
Марио Гөцегийн гоол. Гөцег алдарт Франц Бекенбауэр санаандгүйгээр Германы хамгийн авьяаслаг хөлбөмбөгчин гэж хэлээгүй юм. Гөцег алдарт Байерн зүгээр ч нэг өөрийн ривалаасаа үхэн хатан зүтгэсээр 35 сая еврогоор "булааж" аваагүй юм. Гөцег алдарт Найк брэнд өөрийн нүүр царайгаараа дөнгөж 18 настайд нь нэрлэж, асар том гэрээ санал болгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Тэрээр зөв цагтаа өөрийн ур чадварын нэгээхэн хэсгээс харуулж, гайхалтай гоол оруулснаар Германы ард түмэнд ялалт авчрав. Сэлгээгээр орж ирээд тоглолтонд төдийлэн нөлөөлж чадахгүй байсан түүний бөмбөг тогтоолт, гүйцэтгэл нь үнэхээр тансаг байлаа. Хамгаалагчаас сугарч гарч ирэн, хаалгачаас өрсөж цохисон цохилт нь одоо ч нүдэнд илхэн. Гоолын дамжуулалтыг өгсөн А.Шюррле ч өөрийн үүргээ гялалзтал биелүүлж, хамгийн хэрэгтэй дамжуулалтыг өгсөн нь тэр байлаа. Сэлгээгээр орж ирсэн Шюррле өөр нэг сэлгээгээгээр орж ирсэн Гөцед дамжуулалт өгч, гоол оруулсан билээ. Лёвийг магтая, Гөцег магтая.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Бастиан Швайнштейгер. Магадгүй энэ төрөлд олон хүн өөр тоглогчдыг нэрлэх байх. Гоолын эзэн М.Гөце, Аргентиний хагас хамгаалалтын ноён тулгуур Х.Машерано гээд олон нэр дэвшигчид бий. Гэхдээ миний хувьд онцлох тоглогчоороо Байерны маэстро Бастиан Швайнштейгерийг нэрлэмээр байна. 2006 оны ДАШТ-д анх гялалзан гарч ирж байсан тэрээр үүнээс хойш шигшээгийн гол тоглогчийн статустайгаар тоглож, олон том тэмцээнд азгүйтэн, аварга авахад багахан аз л дутаад байсан. Тэгвэл энэ удаад тэр үнэхээр их ХИЧЭЭЖ, үнэхээр их ХӨДӨЛМӨРЛӨЖ багийнхаа ялалтанд онцгой хувь нэмэр орууллаа. Тэрээр талбайн төвд бөмбөг болгоны төлөө тэмцэлдэж, бөмбөг болгоны араас гүйж, хүнд бөмбөгийг тасалж, цэвэрлэж, оногдож, холдуулж байлаа. Бөмбөг "хулгайлж", довтолгоо зогсоох түүнийг эсрэг багийнхан нь өшиглөж, жийж, хадаж, сүүлдээ бүр маажич амжив. Газарт хэд хэд өнхөрч, хөлөө хэд хэдэн удаа эвгүй өшиглүүлсэн түүний хацарнаас цус гоожиж ч амжив. Жинхэнэ баатарлаг, жинхэнэ манлайлагчийн тоглолт. Лидерийнхээ ийм их хичээж, ийм их хүссэн цомын төлөө бусад одод нь адилхан зүтгэхээр өөр сонголт үгүй мэт санагдаж байв. Амь биеэ үл хайхран хамгаалсан бөмбөгнүүд, туршлага болон мэдрэмж заан эзлэсэн зөв байрлалууд нь байгаагүй бол Аргентин эхний гоолыг оруулсан байхыг ч үгүйсгэж чадахгүй нь. Сүүлчийн шүглийн дуугаар Швайнштейгерийн уйлан зогсоог харах мөч үнэхээр сэтгэл догдлом байв. Швайни энэ өдрийн жинхэнэ од нь байв.
ОНЦЛОХ СТАТИСТИК
Германы шигшээ баг Аргентинийг 3 дахь ДАШТ-дээ дараалан буулгаж авч, тэмцээнээс хасан, ийм амжилтыг үзүүлсэн анхны баг болов. Герман Америк тивд аваргалсан анхны Европ баг болов. Өмнөд Америк, Европын багуудын түрүүний төлөө 11:9 болон Европчууд тасарч эхэлжээ. Аргентин энэ ДАШТ-д ердөө 7хон минут л хожигдож байсан бөгөөд тэр нь шигшээд тохиов. Тэд 1990 оны финалаас хойш анх удаа хаалга оносон цохилт хийж чадсангүй. Тухайн үед тэдний өрсөлдөгч нь мөн л Германчууд байсан билээ.
Зочин · 2014/07/14
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/14
Зочин · 2014/07/14
AUGAA GERMANY UURD MANDAN BADRAKH BOLTUGAI. ZUITEI UNEKHEER MUNDAG BAISAN SHUU.
Зочин · 2014/07/14
: