Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ийн захирал Ж.Золзаяа болон УИХ-ын гишүүн асан Ц.Анадбазарын компани хоорондын талбайн түрээсийн асуудлаарх маргааны шүүх хурал өнөөдөр болж байна. 

Тус паркийн мэдээлснээр 2012 оноос хойш “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ийн байрны хойд хэсгийн талбайг нэг мкв-ыг нь 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан ямар маргаан өрнөсөн талаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2012 оноос хойш Өргөө кино театр нь манай байгууллагын 2,600 мкв талбайг түрээсэлж байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус кино театртай байгуулсан гэрээний хугацаа дууссан тул шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гараагүй. 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдааныг есөн удаа хойшлуулсан. Тиймээс өнөөдрийн хурлаар эцэслэн шийдэгдэнэ хэмээн найдаж байна. “Нью Тур Сафарис” ХХК-ийн зүгээс өмгөөлөгч байхгүй, давхар хуралтай гэх мэт шалтгаанаар есөн удаа хойшлуулсан. Үүнийг цаг хугацаа хожиж буй байдал хэмээн харж байгаа.

Тэд гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг түр данс руу нь хийвэл гарна гэх шаардлага тавьсан. Үүнд ажилчдын ажилгүйдлийн цалин, нүүлгэлтийн зардал гэх мэт зүйлийг нэхэмжилж байгаа. Энэ нь ямар нэгэн ёс зүйгүй хууль бус үйлдэл.

“Нью Тур Сафарис” ХХК нь МТҮП-ийн байрны хойд хэсгийн талбайг 1 мкв-ыг дунджаар 8,000 төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл МТҮП-ийн 1 мкв-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг. Мэдээллийн технологийн гарааны бизнесүүд хөнгөлөлттэй үнээр түрээсэлж явдаг. 13-14 жилийн хугацаанд 1 мкв нь 5,000-9,000 төгрөгөөр түрээслэн гэдэг бол хотын А зэрэглэлд хаана ч байхгүй үнэ" гэв.