УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж, шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оногдуулсан.

Тэгвэл түүнийг шоронд биш, Богд ууланд амралтын газарт ялаа эдэлж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Байнгын хорооны хуралдаанд хэлэв. Тэрбээр “Төрийн өмчийн нэг компанийн захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байсан. АТГ илрүүлээд шийтгээд байдаг. Тэгсэн чинь С.Батдөл гэж нөхөр өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Богд ууланд амралтын газарт шүү дээ. Түүнийг амралтын газарт амрааж байгаа сайд байна гэсэн үг. Мөнгө мэддэг сайд байх. Өөрийг нь илчлээгүйн төлөө Богд ууланд тэр хүнийг амрааж байна гэсэн үг. Тийм учраас эзнийг нь олж шийтгээрэй. Эзэн нь тодорхой харагдаад явчихсан байна лээ шүү” гээд нээлттэй микрофоны өмнө хэлэв. Ингэж дуугарсныхаа маргааш нь Б.Энхбаяр гишүүн Төр хурахын амралтанд С.Батдөл гэгч нөхрийг дураар нь байлгаж байгаа хүн хэн болохыг хэвлэлийнхэнд задалж орхилоо. Энэ тухайгаа камерын өмнө ярихдаа “Мөнгө барьдаг сайд манайд ганцхан хүн байдаг шүү дээ. С.Батдөл Дарханы хүн гээ биз дээ. Эзэн нь өөрийгөө илчлээд гараад ирсэн байна. Тэр хүнийг амраагаад байна гэдэг чинь шагнаад байна шүү дээ. Тэнд амарч байгаа хүмүүс “Зурагтаар сейфнээс нь мөнгө гараад байсан хүн чинь энд амарч байна” гээд ярьж байна. Даварчихсан байгаа биз дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэр хүнийг амралтанд байлгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг 2025 онд хоёр дахин хэн нэмчихэв. Яагаад гэнэт энэ байгууллагын төсөвт Сангийн сайд хайртай болчихов” гэлээ. Үүний дараа Сангийн сайд болон ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар яаран тайлбар хийсэн. Сангийн сайд Б.Жавхлан “Б.Энхбаяр гишүүний байнгын хороон дээр хэлснийг нь сонссон, гэхдээ намайг хэлж байна гэж бодоогүй. Б.Энхбаяр маань надтай Засгийн газарт хамт тохой залгаад мөр зэргэцээд сууж байсан хүн. Засгийн газарт ажиллахын зовлон жаргалыг маш сайн мэддэг. Өөрөө энэ салбар чиглэлийн хүн. Юунд ингэж хорсоод яваад байгаад нь маш их гайхаж байна. Өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн. Харьяа байгууллагуудынх нь төсөв нэмэгдээд үйл ажиллагаа нь чанаржиж байвал сайн л биз. Дээрээс нь тэр залуу Дарханых. Яах аргагүй тэнд төрж, өссөн. Аав ээж нь ч манай намын ахмад гишүүд. Тэр утгаараа аав, ээжийг нь танилгүй яахав. Хүүхдүүддээ захиж байсан талууд байгаа. Тэрнээс болж С.Батдөлийн асуудалтай намайг холбож, хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү. Ёстой амжихгүй” гэх нь тэр. Тэгвэл ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор “С.Батдөл нь шүүхээс 7.4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Одоогоор ШШГЕ-ын 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа. 2024 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Төр хурахын амралтын газарт нэг сар 20 хоног галчаар ажилласан. Арваннэгдүгээр сард прокурорын тогтоолоор хорих анги руу буцаан татсан” гэв. Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордон өдөржин энэ сэдвээр бужигнав.

За эндээс танд юу уншигдаж байна. Төр хурахын аманд С.Батдөл байж. Дараахь нь өдөр тутмын сонин дээр тэр тухай мэдээ тавигдсан. Үүнээс цэрвэн бушуухан татсан байж магадгүй гэж таамаглаж болохоор. Мөн ШШГЕГ-ын төсөв хэд дахин нэмэгдчихэж. Б.Жавхлан сайд тэр “цуглуулагч”(7.3 тэрбум төгрөг, ам.доллар цуглуулчихсан байж байгаад баригдсан) нөхрийг танихын дээдээр таньдаг, аав ээж нь бүүр захиж хэлсэн болоод явчихлаа. Таньдаг хүнийхээ хүүг “мартаагүй” байгаад нь уярууштай. Тэгвэл Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн түүний ард үнэхээр Б.Жавхлан сайд энэ бүхнийг бүүр “цуглуулах” үйл ажиллагааг нь хүртэл зохион байгуулаад байгаа юу гэдэгт нийгэм хариулт нэхнэ.

Б.Жавхлан, Б.Энхбаяр хоёр хариуцлагатай албан тушаал хашиж байгаа улс. Нэг нь одоогийн Засгийн газрын гишүүн. Нөгөөх нь өмнөх Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Хоёулаа хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх чадамжтай субьект. Гөрдлөг яваад байна уу, үнэн юм хэлээд байна уу гэдгийг ард түмэн мэдэх боломжгүй. Мэдээж улстөрчид болсон хойно олон нийтийн өмнө багаа тайлахгүй. Хэрэв Б.Энхбаяр гишүүний хэлсэн үнэн бол Б.Жавхлан сайдыг шалгах уу. Эсвэл хүн гөрдөөд тааж яриад байгаа эсэхийг нь нээлттэй хэлэлцүүлгээр оруулж ард түмэнд үнэн мөнийг нь олж өгөх хэрэгтэй.

Тэгэхгүй бол нийгэм яг л Б.Энхбаярын яриад байгаа шиг “Сайд нь авлигын мөнгө цуглуулаад, цуглуулагч нь баригдвал шоронгийн амралтад амраагаад байж байдаг” гэж итгэхээр барахгүй яг тийм нийгэм л байгуулах гэж зүтгээд байна.

Тэгэхээр ийм улс төрийн жүжиг дахиад нийгэмд тавиулж байхгүйн тулд шууд УИХ-аар хэлэлцүүлж үнэн мөнөө тогтооцгооё.

М.МӨНХ