Улаанбаатарын дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын нэрийг УИХ-аас “Хүннү" болгож өөрчлөөд буй. Шинэ суурьшлын бүс Хүннү хотыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийн 31,501 га газарт байгуулж байгаа билээ.

Хүннү хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатарын өнөөдөр өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна.

  • Хүннү хот нь Хүннү хот нь Улаанбаатарыг тэлж байгаа хамгийн том шинэ суурьшлын бүс болох бөгөөд 150,000 хүн суурьших эко хот байна.
     
  • Хотын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны магистраль шугамууд хийгдэж дууссан, улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна.
     
  • Нар, салхи, батарей хосолсон 300Мвт-ын хүчин чадалтай станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих болон цэвэр байгууламж барих тендерийг зарласан. Сэргээгдэх эрчим хүчний станц барих зардлыг хувийн байгууллагаас гаргана.
     
  • Авто замын зураг төслүүдийг энэ жил боловсруулж дуусган 2026-2027 онд Хүннү хот доторх бүх замыг барьж дуусгана. Хотын салаа замууд энэ онд ашиглалтад орно. 
     
  • Хотын бүх дэд бүтцийг шийдсэний дараа газар олгоно. Ингэхдээ тээвэр логистикийн төвүүдэд хамгийн эхэнд газар олгоно.
     
  • Хүннү хотын цахилгаан, дулаан, ус хангамжийн эх үүсвэр болон цэвэрлэх байгууламж, авто замын бүтээн байгуулалтад хамгийн их хөрөнгө зарцуулна.
     
  • Барилга, аялал жуулчлал, санхүү, тээвэр логистикийн компаниудад Хүннү хотод шилжин ирэх газрыг шийдэж өгч, тухайн хувийн сектор бусад бүтээн байгуулалтыг хийх зарчмаар ажиллана.
     
  • Наймдугаар сард газрын гүний дулааныг олж авахын тулд гурван километрийн өрөмдлөг хийнэ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар халуун рашаанаа олбол нээлттэй, халуун чулуугаа барьсан тохиолдолд хаалттай гэсэн хоёр янзын ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Ингэснээр дулаан хангамжийг эко байдлаар шийдэх юм.