Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг халтиргаатай байсныг бөхчүүд шүүмжилж буй. Уг зүлгийг солих асуудал ч яригдсан. Энэ талаар тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангаас тодруулжээ. 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг сольж амьд зүлэг хийх үү?

-Бидний зүгээс бөхчүүдтэй уулзаж, тэдний хэрэгцээ, шаардлага санал, шүүмжлэлийг сонссон. Үүний дараа амьд зүлгийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай уулзаж, өөрсдийн нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Олон нийтийн сүлжээнд гурав хоногт амьд зүлэг тарина гэх мэдээллүүд гараад байсан юм.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаанаас гадна 10 орчим тоглолт болох тул зүлэг нь бүх хүний хөл, хөдөлгөөнийг даах ёстой. Судалгаа хийж, амьд зүлгийг хийж амжихгүй, одоо байгаа хиймэл зүлгийг сайжруулах ёстой гэдэг дүгнэлтийг гаргаж нийслэлд хүргүүлсэн.

Бөхийн холбооноос өмнө нь байсан шиг буюу хар резинтэй, элсээр дүүргэгчтэй, зөөлөвчтэй зүлэг хийх хэрэгтэйг хэлсэн. Хиймэл болон амьд зүлэг аль аль нь халтирдаг болохыг бөхчүүд хүлээн зөвшөөрч байгаа.

Өмнө жил сольсон зүлэг нь хэвийн халтирдгаас хэд дахин илүү гулгалттай байсан. Монгол бөхийн гутал бага халтирах хиймэл зүлэг нь дүүргэгчтэй, зөөлөвч нь усаа зайлуулдаг байх юм.

-Хиймэл зүлгийг амьд зүлгээр солиход хэчнээн төгрөг зарцуулагдах тооцоо, судалгаа гарсан бол?

-Төв цэнгэлдэх хүрээлэнд амьд зүлэг суулгахад 1.2 тэрбум төгрөг, нэг тоглолт болсны дараа зүлгийн арчилгаа хийхэд 50-80 сая төгрөг зарцуулагдах судалгаа гарсан. 

-Тэгвэл хиймэл зүлгийг нь сайжруулахад хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Энэ талаарх судалгаанууд хийгдэж байгаа. Наадмаас өмнө буюу долдугаар сарын 10-наас өмнө хиймэл зүлгийг сайжруулах ажлыг дуусгана. Хиймэл зүлгийг хэрхэн, яаж сайжруулсныг тайлбарлаж, их хэмжээний устай хиймэл бороо оруулж байгаад бөхчүүдийг барилдуулж туршин болж байгаа, үгүйг хэлүүлнэ. Өмнөх жилийн алдааг давтахгүй. 

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийг хуулж авч байгаа харагдсан. Шинээр солих юм уу?

-Одоо байгаа хиймэл зүлгийг хуулж авч, усны хаялгыг цэвэрлэж байгаа юм. Хуулсан зүлгээ буцааж дэвсэнэ. Хиймэл зүлгийн урт 110, өргөн нь 70 метр байдаг. Эдгээр ажлыг хүрээлэнгийн ажилтнууд өөрсдөө хийж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 30 гаруй ажилтантай.