Энэ жилийн баяр наадмыг шинжвэл тэнгэр хангай хураа тэтгэж, хурдан хүлгүүдээ будлиангүй давхиулж, эр бяртай аавын хүү хүчит бөхийн барилдааныг цойллоо.

Монгол түмэн Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэв. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр өөгүй зүйл гэж байсангүй. Тэр тусмаа хүчит бөхийн барилдаан наадамчин олны сэтгэлийг сэргээсэн ч гонсойлгоод орхисон нь харамсалтай. Шинэ арслан, гарьд төрөн гарч олон түмнийг шуугиулсан барилдаанаар даваагаа ахиулан харцага, начин цолтнууд ч мэндэлсэн юм. Өөрөөр хэлбэл, наадам наадмын барилдаанаар аварга цолтон түрүүлдэг жишгийг эвдэж орхисон. Ер нь ойрын хэдэн жил өндөр цолтой бөхчүүд дээгүүр барилддаг уламжлалыг залуу бөхчүүд эвдсээр байгаа. Тиймдээ ч энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд эр бяртай, үнэнхүү хүчтэй, хийморьтой аавын хүү төрүүлж, үзүүрт ч ялгаагүй ийм л бөх тодров. Энэ бол монгол бөхөд хүч сэлгэсэн, залуу үе гарч ирснийг тодоос тод харуулсан хэрэг. 

Харин Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга хэмээх цол хүртсэн А.Сүхбатыг зодоглох, зодоглохгүй нь гэсэн яриа нэлээд тархсан. Түүний хувьд ч “Барилдана” хэмээн ам алдчихаад Дархан аварга цолоо гардахдаа тоймтой хариу өгөөгүй. Энэ нь бөхөд хайртай, уран барилдаантай аваргаа хүндэлж авдаг хүмүүсийн сэтгэлийг гонсойлгож байсан юм. Гэхдээ Дархан аварга А.Сүхбат зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ихэд өөрийн эрхгүй баярлаж байсан хүн цөөнгүй бий. Тиймээс Дархан аварга А.Сүхбатыг хүчит бөхийн барилдаанд дээгүүр барилдаж, мэхийн гайхамшгийг үзүүлэх нь гэж харж байсан нь гарцаагүй. Гэвч тэрбээр монгол бөхийн түүхэнд байгаагүй үйл явдлыг үзүүлчихсэн нь тоогүй. Хүчит бөхийн гурвын давааны барилдааны үеэр Дархан аварга Г.Өсөхбаярыг амалж, тахимаа өгсөн юм. Ингэснээр Дархан аварга Дархан аваргаа амлан барилдах шинэ түүхийг эхлүүлсэн нь энэ. Гэхдээ бөхийн барилдааны баруун, зүүнийг манлайлан гарахдаа хоёр Дархан аварга хэн, хэнийгээ хүндлээгүйгээс энэ бүхэн болсон гэдэг ч бөх хүнд жудаг гэж байдгийг А.Сүхбат аварга харуулсангүй. Энэ нь ч наадамчин олны нүдийг орой дээр нь гаргахад хүргэсэн билээ. 

Дархан аварга А.Сүхбатын хувьд найман жилийн өмнө монгол бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн зодог тайлсан. Тэр энэ жилийн наадмаар дахин барилдсан ч монгол бөхөд болохгүй зүйл олон буйг илхэн харуулчихлаа. Тэрбээр “Монгол бөхөд эрэмбэ дараалал, шудаг гэж алга. Ер нь болохгүй зүйл олон байна. Үүнийг наадмын дараа ярья” гэсэн удаатай. Тэгэхээр шинэ залуу бөхчүүдээр цул сэлбэж, хэний ч аавын хүү түрүүлж болдог наадмын барилдааныг Дархан аварга маань юу гэж ярихыг харах л үлдлээ. Мөн Дархан аваргынхаа мялаалгыг шинэ түүхээр эхлүүлсэн А.Сүхбатыг бас жудагтай эсэхийг харах үлдэж байх шиг байна. 



С.МӨНХБАЯСГАЛАН