Эдийн засгийн хүндхэн байдалд орсон манай улс эдийн засгаа аврахаар олон янзын ажил хийж байгаа хэмээн Ерөнхий сайд саяхан тайлагнаад авсан. Тэгвэл өнөөдөр "доллар"-аас хараат байсан хэвээр. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн оноос ам.долларын ханш огцом чангарсан нь улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж бүхий л зүйлсийн үнэ ханш огцом нэмэгдэж тэнгэрт хадах болсон.

Үүнээс хойш долларын ханш доошлоогүй буюу "сулраагүй". Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Талхны үйлдвэрүүд гурил болон түүхий эд, материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан талхны үнээ нэмсэн. Үйлдвэрээсээ 1100 төгрөгөөр дэлгүүрүүдэд худалдаанд гардаг байсан талх 100-150 төгрөг нэмэгдэн хэрэглэгчидийн гар дээр очиж байгаа юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нь үнэ тогтворжуулах "биш" үнийн "хөөрөгдөл"-д хүргээд авсан. Тэрбээр мянгуужингийн үлгэрт ард түмнийг итгүүлсэн. Түүнд энэ үлгэрийг нь ахиж сануулах цаг нь болжээ.

Тодруулбал, "Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай" гэж Н.Алтанхуяг мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.долларын зарах ханш 1838 төгрөгт хүрчээ. Монголбанкнаас зарласан албан ханш энэ бөгөөд арилжааны банкуудаар ам.долларыг өнөөдрийн байдлаар 1828-1830 төгрөгөөр авч, 1846 төгрөгөөр худалдаж байна.

Одоо үлгэр ярихаа больж дорвитой ажил хийх боллоо. Ард түмэн "одоо л долларын ханш суларч, бараа, бүтээгдэхүүний үнэ буулаа" гэж хэлтэл ажиллах хэрэгтэй байна.

Өдгөө сургууль орох цаг дөхлөө. Ахиад л юмны үнэ өснө. Манай улсад бичигдээгүй нэгэн хуулийг ягштал сайн биелүүлээд авдаг. Энэ нь аливаа баяр наадам, шинэ жил, сургууль, цэцэрлэг орох цагийг далимдуулж бүх зүйлийн үнийг өсгөөд хөөргөөд хаячихдаг.

Тэгсэн хэрнээ нэмсэн үнээ буулгана гэж байхгүй. Ерөнхий сайдаасаа эхлээд "худлаа" амлаад ард түмнийг хуурдаг цаг өнгөрсөн. Бодитой зүйл ярьж, буулгаж сураасай билээ.

Ирэх сонгууль хүртэл эдийн засгийн доройтол явуулж байгаад аль нэг нам нь сонгуулийн "шоу" хийх гэж буй гэх шуум тархаад авлаа. Эдийн засгаараа улс төрчиж, сонгуулийн сурталчилгаа, амлалтаа болгох гэж байгаа бол дахин "хууртахгүй" гэдгийг бид энэ дөрвөн жилийн дотор хангалттай сайн ойлгож авсан. Тиймээс хэн сайхан амлаж, үлгэр ярьсанд нь биш хийж, бүтээсэнд нь саналаа өгнө, өгөх ч болно.

 

Х.Даваа