УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хэрэв намууд нэгдээд Засгийн газар байгуулаад сайн сайхан болчихдог юм бол нөгөө хоёр намаа ч /Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар нарын суудаг зүг рүү эрүүгээрээ заав/ нийлүүлчихмээр байна. Сайд нар олон байх тусам улс орон хөгждөг юм бол ахиад 2-3 сайд нэмчихмээр байна.

Гэхдээ би эсрэг бодолтой. Хувийн хэвшлийнхний хийдэг ажлыг төр урдуур нь орж хийгээд байхаар улс орон хөгжинө гэж хэзээ ч байхгүй.

Өнөөдөр ярьж байгаа хөгжлийн төлөвлөгөө хүслийн жагсаалт л болно. Би бол хувийн хэвшлээ л дэмж гэж хэлэх байна.

Миний хажууд хоёр намын дарга /АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд/ сууж байна. Манай хоёр даргын төрсөн эцэг эх нь ч танихгүй болсон байх. Овоо аятайхан юм ярьдаг байсан юм. Одоо Засгийн газрын улаан хамгаалагч нар болсон. Ярьдаг юм нь өөр болчихсон. Бараг ээж нь ч танихгүй “Манай хүүхэд юу яриад байна аа” гэхээр болсон. Үзэл бодол ингээд өөрчлөгдчихдөг юм уу.

Засгийн газрыг есөн сайд, есөн яамтай болгомоор байна. Бид Зүүн Хойд Азидаа хамгийн ядуу нь байна. Иргэд маань бусад орны хил дээр очоод нохой гахай шиг хөөгдөж байна" гэв.