Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэртэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр, төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. Л.Оюун-Эрдэнийн гал тогоог хариуцаж байгаа хэрэг эрхлэх газрын даргын хувьд би хэлнэ. 10 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж, 14 мега төслийг урагшлуулсан.

Би хоёр өдрийн өмнө Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ олон улсын лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүлээд, мөн иргэний хяналтын зөвлөл байгуулах асуудлыг шийдвэрлэж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд оролцоод ирсэн. Өчигдөр намын бага хуралдаа суусан. МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гаргасан. Түүнээс биш би одоо ЗГХЭГ-ын даргын хувиар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувиар болоод байгаа үйл явц дээр хувь хүний байр суурь, дүгнэлт хийх нь өөрөө боломжгүй.

Засгийн газрын гал тогоонд байгаа хүний хувьд хувь хүний зүгээс дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үг бий. Процессынхоо дагуу л явагдах ёстой.

МАН-ын Бага хурал дээр бага хурлын гишүүд, аймаг, орон нутгийн төлөөллүүд оролцдог. Тэдгээр гишүүдийн зүгээс удаа дараа хамтарсан Засгийн газрын гэрээтэй танилцъя. Мөн дээрээс нь нэг кабинет, хамтарсан Засгийн газрын гишүүд байж орон нутагт улстөрждөг үйл явдлууд байгаад байна гэдэг гомдол, саналуудыг илэрхийлсэн байна лээ. Энэ илэрхийлсэн саналуудыг үндэслэж намын ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой шаардлагуудыг илгээж байсан юм байна. Ингээд намын Бага хурал дээр намын бага хурлын гишүүдийн саналыг үндэслэж, хамтарсан Засгийн газрын гэрээтэй холбогдуулж Бага хурлын гишүүд л байр сууриа илэрхийлсэн. Манай нам бол системтэй, бие даасан институци. Тийм учраас намын Бага хурал бол тодорхой улс төрийн шийдвэрийг гаргадаг. Энэ шийдвэрийг дагаж ажилладаг ёс журамтай. Тиймээс би олонхоор шийдсэн шийдвэр дээр янз бүрийн дүгнэлт хийгээд байх нь зохимжгүй.