Энэ сарын 17-ноос 30-ныг дуустал Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотод ахмадын олимп буюу "World Masters Games" болж байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээн цар тахлын улмаас 2021 онд болоогүй юм. Хамгийн анх 1985 онд Канадын Торонто хотод нээлтээ хийж байсан тус наадамд өдгөө 35 спортын төрлөөр 108 орны 25,049 ахмад тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй.

Манай улсаас хөнгөн атлетикийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа гүйлтийн төрөлд таван алтан медаль хүртлээ.

Тодруулбал өдгөө 91 настай Ц.Раднаа гуай богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1,500 метрийн зайд түрүүлжээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдаанд 80+, 85+, 90+ насны таван тамирчин оролцоход Ц.Раднаа 3:43.30 минутад замаа дуусгаснаар тав дахь алтан медалиа хүртсэн аж.

 

Ц.Раднаагийн замаа дуусгасан хугацаа:

  • 100 метрийн 90+ насны ангилалд: 17.69 секунд
  • 200 метрийн 90+ насны ангилалд: 36.33 секунд
  • 400 метрийн 90+ насны ангилалд: 1:32.05 минут
  • 800 метрийн 90+ насны ангилалд: 3:43.30 минут
  • 1,500 метрийн 90 насны ангилалд: 7:59.41 минут