“Атигар” Ардчилал
2013/04/26
Социализм байгуулнаа гээд зорилго тавиад зүтгэж байсан түүх монголчуудын хувьд дэндүү саяхных юм. Социализмын төлөө гээд ажиллаж, зүтгэж явсан хүмүүс ч өнөөдөр амьд сэрүүн аж төрцгөөж байна.
Ерэн оны өвлийн дунд сарын эхээр Сүхбаатарын талбай дээр учраа мэдэхгүй хорин хэдтэй залуучууд “ардчилал”, “эрх чөлөө” гэж орилолдоод гараад ирэхэд тухайн үеийн эрх баригчид яаран сандран төр засгаа “май” гээд өгснөөр хорин гурван жилийн дампуурал эхэлсэн юм. Юунд яаран төр засгаа өгч, хөнгөн хуумгай хандаваа гэж өнөөдөр амаа бариад ч нэгэнт хожимджээ. Харуусаад, харамсаад ч барахгүй нь. Хэдэн залуучууд талбай дээр орилоо л биз. Залуу хүмүүс орилж л байг тэгээд яах вэ дээ. Тухайн үеийн эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдэд улс орноо өгчихөөд юу бодож суусан юм бол доо.
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хэдэн оюутан залуучууд гараад эрх баригчдыг огцрохыг шаардвал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар эрх мэдлээ “май” гээд шилжүүлэх болов уу.
Анхнаасаа л ардчилал сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгдсэн учраас ямарч онолгүй явагдсан. Ардчилал байгуулна гээд л дээр дооргүй давхиад л. Нэгэнт онолгүй юм чинь ардчилал ярьсан нь гоё харагдаад л, социализмын юм ярьвал хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулаад өнгөрсөн. Үүрэг, хариуцлага, үнэн үг,шударга ёс ярьвал ад үзэгдэж, эрх, эрх чөлөө ярьвал магтуулаад л байсан. Социализм ярьсныгаа ичээсээр, шоолсоор байгаад сүүлдээ бүгд л социализм гэдэг үгийг хэлэхээс айдаг болсон гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс социализмын тухай зоригтой ярьдаг болжээ.
Ардчилал сайхан, ардчилал гоё л гэнэ. Очоод ардчилал гэж юу вэ гэхээр эрх чөлөө гэнэ. Эрх чөлөө гэж юу вэ гэхээр юу дуртайгаа л хийнэ гэнэ. Тэгэхээр ардчилсан өнөөдрийн нийгэмд юу дуртайгаа хийнэ гэсэн үг үү гэхээр цочоод арай ч болохгүй л дээ гэнэ. Ардчиллаа анхнаасаа л ойлгоогүй. Өнөөдөр ч “ардчилагчид” гэгч нөхдүүд ардчилалаа бүрэн ойлгосонгүй.
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд үндсэн хуулиндаа заачихсан. Тэр хүмүүнлэг нийгэм нь ямар нийгэм байх тухай хэн ч ямар ч тайлбар, тодорхойлолт хийсэнгүй. Ард түмэн ардчилсан нийгэмд хэрхэн хамтран амьдрах тухай хэн ч ном бичсэнгүй.
Өчигдөр социализм байгуулах зорилготой байсан бол өнөөдөр ардчилал байгуулах зорилгоор өөрчлөгдсөн. Хамтаараа амьдарч, нийгмийн эрх ашиг ярьдаг байсан хүмүүс нэг л өглөө босоход одооноос эхлээд амь амиа бодоцгооно шүү гэж зарлахыг сонссон. Ингээд л чаддаг нь амьдар, чадахгүй бол хохь нь гэсэн зэрлэг капитализмийн амьдралын зарчим үйлчилсэн. Олон хүн унаж боссон гэдэг. Зарим нь унаад босолгүй амьдралын ёроол транщейнд тэр чигтээ үлдсэн.
Ардчилал гарсны маргаашаас нь эхлээд л хулгай, луйвар, дампуурал,архидалт, завхайрал газар авчээ. Өмнөх нийгэмд хүн төрөлхтний дэвшилттэй сайн сайхан бүхэн манай оронд орж ирж, шилдэг мэргэжилтнүүд ажилладаг байсан бол ардчиллын жилүүдэд хүн төрөлхтний бузар булай бүхнээр манай улс дүүрчээ.
Хаанахын ямар чөтгөр нь чихэнд шивнэчихээвээ гэдэг шиг хаанахын ямар мэдэмхийрэгч нь бүх хилээ нээ гэж сургаал айлдаа вэ? Нээлттэй бай нээлттэй бай гэдэг чинь бүх зүйлээ нээ гэсэн үг биш гэдгийг өнөөдөр ч гүйцэт ойлгосонгүй. Гадаадын хэн дуртай нь манай улсаар хэсэж эхэлсэн. Хамгийн гол нь манайд ирж байгаа гадаадынхан тухайн улсынхаа сайнууд нь биш харин адгийн гологдлууд байсан юм. Ёстой ДОХ-ын эх орон Америк гэж нэгэн инээдмийн кинон дээр гардаг шиг энэ өвчин ардчилалтай хамт орж ирсэн. Ингэж л монгол муу муухайн үүр уурхай болсон юм даг. ДОХ өвчнөөр Африкийн Камерон гэдэг улсыг мэддэг болсон доо хөөрхий.
Нээлттэй байна гэдэг бүх зүйлээ нээ гэсэн үг биш. Харин нээлттэй байснаар муу муухай бүхэн ороод ирнэ шүү. Тиймээс болгоомжтой, бодолтой нээнэ шүү гэсэн анхааруулгыг хэн ч өгсөнгүй. Социализмын үеийн бүхий л үйлдвэрээ устгачихаад капиатализм байгуулнаа гээд яриад сууж байгааг нь харахаар үнэхээр хорлонтой бодлого байжээ. Аж үйлдвэрээ устгачихсан хөдөө аж ахуй, мал аж ахуй орны хувьд ёстой капитализм бол алсын од ажээ. Товчоор хэлбэл аж үйлдвэржээгүй оронд капитализм хөгжих байтугай ярих ч боломжгүй.
Гутлын,савхины,ноосны,эсгий,эдлэлийн,нэхмэл,сүлжмэл,хувцасны,ээрмэлийн,оёдолын,төмрийн,тоосгоны, барилгын гээд л төрөл бүрийн үйлдвэрүүд өнөөдөр түүх болжээ. Харин тэрхүү үйлдвэрүүдийг хулгайж, луйвардаж идсэн нөхдүүд тэргүүн баячууд хэмээн цоллуулж, шагнуулаад л байж байна. Өнөөдөр нэгэнт үйлдвэргүй тул бүхий л зүйлээ гадаадаас зөөсөөр. Өмсөж байгаа бүх хувцас нь гадаадынх, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл нь гадаадынх, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнхи мөн л гадаадынх гээд бодохоор монголчуудын бодит амьдрал харагдана. Одоо жижиг дунд үйлдвэр байгуулна гээд яриад давхиад байдаг. Жижиг дунд үйлдвэр байгуулаад хөгжиж, хүчирхэгжсэн улс энэ дэлхий дээр байхгүй. Энэ мэтээр болохгүй бүтэхгүйг нь бичээд байвал даана ч их юм болно. Хараад байхад энэ нөхдүүд ардчилал, хөгжил хоёрыг ялгаж ойлгож чадахгүй толгой нь эргээд, төөрөлдөөд байх шиг байна.
Ардчилал бол онол. Ард түмнийг зорилгоо болгон дээдэлсэн улс төрийн идеологи юм. Харин хөгжил бол өөр ойлголт. Өнөөдөр “ардчилагчид” гэгчид ард түмэнд ардчилал заах биш харин өөрсдөө заалгах хэрэгтэй болжээ.
Ерөөсөө улс төржилгүй, шоудалгүй тайван сууцгааж байгаад ардчиллаа хэзээ тодорхойлох билээ. Ардчиллын онол юу вэ? Ардчиллын үнэт зүйл юу вэ?, ардчиллын зарчим юу вэ гэх мэт асуултуудын дагуу ярилцах цаг болжээ. Ардчилсан төрийн бүтэц өнөөдөр манайд байна уу? Хууль тогтоох үүрэг бүхий УИХ, Гүйцэтгэх үүрэг бүхий ЗГ, Шүүн шалгах үүрэг бүхий Шүүх засаглал гурав бие биенээсээ хараат бусаар тус тусдаа оршин тогтнож чадаж байна уу? Шүүхийн бие даасан байдал бол ардчиллын амин чухал асуудал. Дээрхи гурвыг товчхондоо ардчиллын гурван багана гэж нэрлэдэг. Энэ гурван багана бат бэх байхаас ардчиллын цаашдын зам хамаарна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө баталгаатай байх ёстой. Өнөөдөр энэ хэр зэрэг биелэгдэж байна вэ? Ардчилал гэдэг бол ард түмэн л гэсэн үг шүү дээ. Ардчилсан төр бол ард түмний төлөө ажиллах эрхэм зорилготой гэдэг бол ардчиллын анхны дүрэм.
Ард түмний төлөө гэдэг маань ард түмэндээ хайртай, амь нэгтэй гэж зарлаад, саналыг нь авахын тулд худал молиго үмхүүлдэг мянгуужингийн үг биш шүү дээ. Хүн бүрийн амьдрал баталгаатай байх ёстой. Хүн бүрийн сар бүрийн орлого байнга баталгаатай байх ёстой. Энэ бол эдийн засгийн эрх чөлөө. Халаас хоосон ч надад эрх чөлөө байна гэдэг нь эрх чөлөөг ойлгоогүй л хүний үг юм. Хоосон хүнд эрх чөлөө байтугай эх орон байдаггүй гэсэн хатуу үг бий. Ардчилал бол хуулиар засагладаг. Хүмүүсийн амьдралыг хууль хамгаалдаг. Хүмүүс хуулинд найддаг. Хууль хүмүүсийг баян ядуу, дарга цэрэг хэмээн ялгаварлан гадуурхалгүй тэгш үйлчлэх хатуу зарчимтай. Энэ мэтээр ардчиллын зарчмуудыг тодорхойлоод ирэхээр ардчиллын дүр зураг харагддаг. Ардчилал гээд өнөөгийнхөө нийгмийг нэрлээд явах нь даана ч их төөрөгдөл болжээ. Гэтэл өнөөдрийн нийгмээ ардчилсан биш гэвэл энэ нийгэм маань юу болох билээ. Анархизм уу.
Хараат бус хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын чухал хэмжүүр болдог. Тиймээс ч дөрөв дэхь засаглал хэмээн нэрлэдэг. Харин өнөөдөр энэ бүхэн бодит байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй болов уу? Хүмүүс өнөөдөр бие дааж бодит байдалд зөв дүгнэлт хийх цаг нь болжээ. Мэдэмхийрэгчид болон эрх баригчдын амаар амьдраад байж болохгүй. Өөрийн толгойгоор аливаа асуудлыг өөрөө шийдэх цаг нэгэнт тулжээ.
Ардчиллын онолд “ард түмэн бол төрийн эзэн” гэдэг. Ард түмэн төрийн эрх мэдлийг барих онолтой. Ард түмэн төрд өөрийн төлөөлөгчөө шударга, чөлөөтэй, хараат бусаар сонгох зарчимтай. Харин ард түмний сонголтыг эрх баригчид автомат машинд оруулж төөрүүлэх, өөрсөддөө ашигтайгаар засах эсвэл хоорондоо тохиролцон наймаалцаж ард түмний сонголтыг өөрчлөх нь ардчилал биш. Мордохын хазгай гэгчээр монголын ардчилал анхнаасаа л буруу замаар будаа тээжээ. Одоо тэгээд хэзээ “жинхэнэ” “үнэн” ардчиллыг байгуулах вэ гэсэн асуултыг ч олон хүн тавьж байна.
Энэ нийгэм нэг л биш ээ хэмээн ард түмэн толгой сэгсэрч, ингэж зовж,зүдэрч амьдарч чадахгүй хэмээн олон хүн бухимдаж байна. Ардчилал байгаа бол ард түмэн сайхан амьдрах нь хэн бүхэнд тодорхой. Гэвч хүмүүс хаана ч байхгүй зах зээлийн хуулийн дагуу бор зүрхээрээ зүтгэн амьдарч ирлээ. Зах зээлийн хууль гэдэг нь чаддаг нь амьдар, чадахгүй нь үх гэсэн хууль гэж үү. Энэ мэтээр худлаа, буруу, алдаатай “хууль”, “зарчим”-ууд амьдралд үйлчилсээр байна. Ерөөсөө өнгөрсөн хориод жилд монголчууд мэдлэгийн хоосролд орж, тэнэгийн хараалд өртсөн. Мэдлэгтэй ард түмэнд баялаг нь хараал,архи нь ерөөл болдоггүй л байхгүй юу. Сэхээтний давхарга устан алга болж түүний оронд гадаадын зөвлөгч нэртэй нөхдүүд эзлэн авч мөн луйварчид орж иржээ. Хаа сайгүй үлгэр домог, бөө шашин, уламжлал зан заншил ярьсан,хөшөө,суврага босгосон хүмүүс олширсон. Дээр дооргүй Чингисээр өвчилж, ёстой нөгөө эзэн хааныг санагалзах цагаан солио тусацгаасан. Үргэлж л домог, түүх ярьж, буцаж ухарцгаана. Найман зуун жилийн савалгаатай амьдралаар амьдруулж өнөөдрийн үнэн байдал, бодит амьдралаас хөндийрүүлсэн.
Мөн хаа сайгүй эрх чөлөө, либерализм, либертарианизм ярьсан хүмүүс олширсон. Өнөөдөр ардчиллын Хамтын нийгэмлэгийн орнуудын ээлжит хурал болох гэж буйтай холбогдуулан эрх баригчид сандран гүйцгээж “шинэ хувцасаа өмсөж, ширээний бүтээлгээ сольж” байгааг хараад гайхаж байна. Ёстой хэзээ ч насанд хүрэхгүй хүмүүс юм даа гэсэн бодол төрж байна. Аливаа хүн ухааныхаа хувьд насанд хүрэх ёстой. Гэвч эрх баригчид завсардаж, насанд хүрч чадалгүй хөгширцгөөжээ. Одоо ёстой өнгөрчдээ л гэсэн дүр зураг л харагдаж байна. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй,хэнтэй ч хариуцлага тооцсонгүй.Ардчилал өдрөөс өдөрт агшиж бас атигар болсоор байна
Манайд ардчилал байхгүй шүү дээ гэдгийг ард түмэн хэлсээр байхад эрх баригчид монгол улс-ардчиллын загвар орон хэмээн өөрсдийгөө цоллож, олон нийтийг бас дэлхийн улс орнуудыг удирдагчидтай нь хамт хуурахыг оролдож байна. Манай “атигар” ардчиллыг дэлхий судалж байна гэдгийг сонсоод ичиж үхэх шахах юм. Ардчиллаас дарангуйлал үүсдэг шүү хэмээн онолчид сануулж байсан. Манай улсын хувьд ардчиллын индексээр 65-р байрт явж байна. Зургаан балл хойш ухрахад л дарангуйлалтай орнуудтай нэг эгнээнд жагсана. Ийм нөхцөлд яагаад өөрсдийгөө хөөргөн, цаасан малгай өмсгөн бодит үнэнийг нууна вэ? Өнөөдөр бодит байдлыг хараад байхад ардчиллын үнэт зүйлс улам л бүдгэрч байгаа нь харагдаж байна. Эрх баригчдын амнаас ардчиллын эсрэг үгс унаж, дарангуйллын, хүчирхийллийн эвгүй үнэр ч үнэртэх боллоо.
Нэгэнт ардчиллаа байгуулж чадаагүй учраас үнэнийг нууж хаах, ард түмнийг залилан мэхлэх, тархи угаалтыг л зай завсаргүй хийхээс аргагүй болжээ. Саяхан хойд хөршийн нэг сэтгүүл дээр “Оросууд буцаж байна” нэртэй өгүүлэл нийтлэгджээ. Тэнд Оросын хүн амын 40 хувь нь хуучин социалист нийгмээ өнөөдрийнхөөсөө илүү хэмээн үзсэн тухай судалгааны дүн гарчээ. Өнөөдөр монголд ийм судалгаа явуулвал ямар дүн гарах бол. Магадгүй дүнгээ сонсоод ардчиллын алтан хараацайнууд цус харвах байх даа.
Хэзээ “ардчилагчид” үнэнийг хүлээн зөвшөөрөх бол оо. Ардчиллыг бид бүтээн байгуулж, монгол орондоо оруулж ирж чадсангүй хэмээн үнэнээ хэлж, ард түмнээс уучлалт гуйх өдөр хэзээ вэ? Магадгүй энэ буруу замаараа цааш үргэлжлүүлэх гэж оролдоод хол явахгүй л болов уу. Нэг л өглөө “бидний төр засгийг авсан шигээ буцааж өг” гэсэн шаардах бичиг гар дээр нь очих л болно. Онолгүй, онол мэддэггүй хүмүүс юуг ч хийж чадахгүй. Ерөөсөө ардчилал өөрөө мэдлэгтэй хүмүүсийг шаарддаг систем юм.
Ардчилсан улсад олонхи шийдвэр гаргадаг бол өнөөдөр манай улсад олигархи цөөнх шийдвэр гаргадаг боллоо.Улс төрчид гадаадын банкинд нууц данс нээж сая доллар хадгуулаад мартан гүлдийлдэж байна.Авилгал төр засгийн хяналтаас бүрэн гарчихлаа. Шийдвэрийг ард түмнээсээ асууж шийдэх нь ардчиллын зарчим байдаг бол өнөөдөр бүгдийг дээрээс шийддэг боллоо. Энэ бол ардчиллын төгсгөл. Монголын ардчилал улам л атийсаар хатингиршиж байна. Бид “атигар” ардчилалтайгаа ахиад хэдэн жил амьдрах вэ.
Зочин · 2013/04/30
Тэгээд хойд солонгосын хойноос орох байсан ю******.
Зочин · 2013/04/28
Яг үнэнийг хэлжээ Монголчууд бид хэзээ ч доромжлуулах ёсгүй шүү бодит байдлыг бичжээ миний монгол мандан бадраг өвөг дээдэстээ баярл****аа
Зочин · 2013/04/28
ta nar sohtson ym bna buged. bid ardchil** nertei daranguula****diin nam do amidarch bna shuudee mongtei negend huuli uichildgui iim l on bologchloodo elebgee guiy
Зочин · 2013/04/28
WTF yu bicheed bgaan be, hoid solongos ruu yawzgaa iimerhuu setgelgeetei nuhud
Зочин · 2013/04/28
Teneg yum bichdeg ***** ve yooy but *** ineed hurgechlee, **iwaa yum huwisan uurchlugddug jamtai, helwh ug oldohguin iim *****iin yum niitelj l bdag bichej l bdag tui cht
Зочин · 2013/04/27
huuchintaigaa ergej zuurahgui umsan
Зочин · 2013/04/27
Та ******сайн посткомунистууд монголд өрөнсөн адчиллын буянаар өнөөдөр сайхан үлдсэн байх шүү. Бусад оронд посткомунистуудыг үлдээгээгүй юм билээ. Харин та нарын чичлээд тэр з****уучууд чинь дэндүү энрэнгүйдээ та нарыг улс төрд дахин оруулж 23 жил дампуурсан байх шүү. Одоо бас тэгээд бүтээсэн ахрдчил****руугаа чичлээд хөгжил энэ тэрийг холиод байн ч гэх шиг. Ингэж байхын оронд хуучин шигээ ардчил****ын төлөө зүтгээд үр шимийг нь хүртхэд яана...
BKA · 2013/04/27
Booj uhlee ene MAH namiinhan shshshter huwisg**iin huchind unuudur ta nar ingej buhimdlaa gargaj chadaj bgaa biz dee
Зочин · 2013/04/27
TENEGER T1LEL!!!!!!!!!!!!!!