Н.Номтойбаяраас Н.Алтанхуяг хүртэл…
2013/04/26
Эсрэгээрээ Н.Алтанхуягаас Н.Номтойбаяр хүртэлх урсгал гэж бас бий. Хамгийн сонирхолтой нь энэхүү улс төр гэх хашлагатай нэгэн хэмнэл бүхий зам аль аль талдаа сөрөг урсгалтай.
МАН-ын залуу улстөрч, АН-ын дарга хоёрын дунд үл ойлголцол бий болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Хөвөнд боосон хөнгөн чулуугаа хэн хэн нь бороохой болгон хувиргахад хангалттай хугацаа улирсан байх юм. Дорнодын Засаг даргын маргаанаас эхэлсэн тэдний зөрчил өчигдрийн парламентын чуулганы үеэр эцсийн цэгтээ хүрсэн мэт харагдаж байна. Гэвч энэ бол Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр гэх хоёр хувь хүний хоорондын үл ойлголцол төдий асуудал биш юм. Төрийн түшээдийн хоорондох төвөгтэй харилцаа төдий ч бус. Монголын өнөөгийн нийгэм, улс төр, бизнесийн бодит тусгал гэж “орчуулах” нь оновчтой болов уу.
Бизнесийн орчин дахь шинэ хуваарилалт
МАН-ын төр барьсан хэдэн жилд энэ намаас гаралтай бизнесмэнүүдийн компани хүчээ авч, цэцэглэсэн. Төрөөс зарласан тендер, олон сая, тэрбумаар хэмжигдэх мөнгөний урсгал МАН-д данстай болон далдын бүртгэлтэй эрхмүүдийн халаасыг чиглэж байсан нь нууц биш. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялснаар эдүгээ бизнесийн орчинд шинэ хуваарилалт явагдаж байна.
МАН-ын эрх баригчид энэ мэтийн хөрөнгө мөнгө тойрсон хөлжсөн сонирхлоо чимээгүйхэн хэрэгжүүлдэг байсан бол АН хонзонтойхон, хорлонтойхон бодит ажил болгож буйгаараа ялгаатай. Өнөөдөр Н.Алтанхуягийн гаргасан хамаатан садан тойрсон алдааг МАН-ынхан ч бас хангалттай давтсан гэдгийг онцлоё. Өөрөөр хэлбэл төрөөс гадагшилдаг мөнгөний их урсгал эрх баригчдын эрх ашгийг чиглэдэг нь АН болон МАН-ын аль алиных нь хувьд зуршил болсон халдвар.
Гэхдээ энэ эвлэрэхэд хэцүү түүх Н.Номтойбаяраас дэндүү хол бичигдсэн. Аль ч засгийн үед улстөржин хийрхэж байгаагүй МАК жилээс жилд татвар төлөгчдийн эхний тавд багтах хэмжээнд улс орныхоо өмнө үүргээ биелүүлсээр ирсэн нь хүндлэхгүй байх аргагүй бодит байдал юм. Улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэртэй өрсөлдөхүйц хэмжээний татвар төлдөг МАК-ийн ерөнхийлөгчийн хүү МАН-д нэг суудал авчирсан нь АН-ын овоо хараанаас гадуур өнгөрсөнгүй. Үүний нөгөө талд төрд ажиллахаараа мөнгөтэй болчихдог, гарахаараа хоосордог МАН-ын олонх улстөрчийн хувьд Н.Номтойбаяр өмнөө барьж болох өө сэв багатай баг нь байлаа. Цагтаа өөрсдөө ч ялгаагүй төрөөс хүртэж, төрөлтэйгээ хуваан зооглож байсан МАН-ын эрх мэдэлтэй явсан эрхмүүдэд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр ялалтын амтанд бялуурсаар буй АН-ын зүг “боргох” нүүр байхгүй нь үнэн юм. Тиймээс Дорнодын Засаг даргын сонгуулийг будлиантуулсан Ерөнхий сайдын эсрэг тойрогт нь гарсан эл зөрчлийг ашиглан Н.Номтойбаярыг гал мэт илгээв.
Өчигдөр цадсан МАН өнөөдөр зоог барьж буй АН-ыг ороолгов
Шударга бус байдалтай эвлэрч чадаагүй нь Н.Номтойбаярын буруу биш. Нэг нь идэж, нөгөө нь хүлээн зөвшөөрч, нэг хэсэг нь эрх мэдлээ далимдуулан хуулийг уландаа гишгэн, нөгөө хэсэг нь ээлжээ хүлээгээд сууж л байдаг МАН болон АН-ын хоорондын үл үзэгдэх “будант” холбоосоос хол явсан залуу улстөрч тэвчинэ гэхэд яаж тэвчих билээ. Дорнодын Засаг даргын асуудал шүүхийн шатанд Н.Номтойбаярын талд шийдэгдсэнийг бид мэднэ. Хариуд нь аль ч төрийн үед намтай бус ашигт малтмалтай найзлан, улс төрөөс ангид бизнесээ явуулсаар ирсэн МАК-д тодорхой хэмжээгээр дарамт ирсэн гэсэн яриа байдаг. Н.Номтойбаярт давуу тал бий. Бууж өгөхийг мэддэггүй, шулуун шударга, аливаа аваа өгөөнөөс хараат бус гэхчлэн тоочоод байж болно. Омголон ч юм, залуу ч юм. Заримдаа гэнэн ч юм.
Улстөрчийнхөө хувьд уудлаад байх гэмгүй, буруутгаад байх шалтаггүй Н.Номтойбаярыг дуугүй болгохын тулд Н.Алтанхуяг зарим талаар МАК-ыг чиглэсэн довтолгоо эхлүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Н.Номтойбаяр олны өмнө “ширээ шаасан” бол Н.Алтанхуяг өрөөндөө сууж байгаад “ширээ шаасан” байж болох. Товчхондоо бол тэдний хоорондох зөрчил дээд утгаараа улстөржсөн энэ таарамжгүй байдлыг нь МАН-ын хашир бурхинууд ашиглан Н.Номтойбаярыг урдаа барьж, ард нь өөрсдөө нуугдаж үлдэв. Учир нь өч төчнөөн тендер будлиулж, өвөр зуураа хуваан хүртэж, иддэгээ идэж, уудгаа уусан МАН-ын олонх улстөрчид хоолны ээлжиндээ хонзонтойхон орсон АН-ын өмнөөс үг хэлэх эрх үгүй. Энэ тал дээр нэр цэвэр, Н.Номтойбаярын хувьд бол байдал өөр. “Эрдэнэс Тавантолгой”-н “Chalco”-той хийсэн 350 сая ам.долларын гэрээний асуудлаар тухайн үеийн эрх баригчдын “гар хөл” болж байсан Б.Энэбишийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээ бий.
Нэг үгээр хэлбэл, өнөөдрийн идэж буй эрхмүүд өчигдрийн цадсан нэгнийгээ шалгаж буй юм. Өчигдрийн идэж цадсан МАН өнөөдөр зоог барьж буй АН-ыг ороолгож байгаа нь энэ. Тэдний энэхүү ичгүүртэй өгөө, аваа, өширхөл гоморхлыг энэ цагийн залуу улстөрч ойлгоход хэцүү ч байж болох. Улс төрд удаан зүтгэж, уух идэхдээ уургаа хуваалцдаг, ээлжилдэг эл дүрмээс гадуур, өөрийнхөөрөө тоглож байгаагаараа Н.Номтойбаяр ялгаатай. Харин түүний шударга, шазруун занг МАН-ын ходоодоо сунатал зооглосон эрхмүүд ашиглаж, АН-ын хоолоо хүлээсэн ноёд түүнтэй эвлэрч ядан элдэвлэж байна.
Сөрөг хүчин бодит утгаараа сэржээ
Сонгуульд ялалт байгуулан Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулснаар АН түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгт эзэн суув. Аархаж, хөөрч болох агуу их эрх мэдлийн эзэн болов. Тиймээс ч уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутлаа тайлан авч давхисан. Жолоо цулбуураа сулд нь хаялан, жороолов, хурдлав. Бялуурав, бачимдав. Намаар нь ялган цагдаа, шүүх, АТГ-аар шалгуулан, Мэргэжлийн хяналтын газрыг хөдөлгөн МАН-ын “хөл гарыг” тайрахаар дайрав.
Энд дахиад л “халуун тогооны” асуудал босч ирнэ. Хамтарсан Засгийн газрын үед МАН тогоотой хоолныхоо багахан хэсгийг АН-д хуваарилж, үнэртэх, хааяадаа хүртэх боломж олгосон. Гэтэл сонгуульд ялмагцаа нөгөөх хөрч царцсан багахан хэсгийг баашилж хүртсэн эрхмүүд халуун тогооноос ханатлаа зоог барьсан замын андуудтайгаа тооцоо бодож эхэлдэг байгаа. Удтал шоконд орсон МАН нэг хоёроороо намнуулаад дуусахгүйн тулд, өндийх чадалтай, өрвийх хүчтэй үлдэхийн эрхэнд Н.Алтанхуягийн Засгийн газартай тооцоо бодож эхлэв. Эвтэйхэн хэлэх юм бол сөрөг хүчний үүрэг, хариуцлагаа ухамсарласан гэж хэлж болно.
МАН-ын энэхүү дорвитой алхамд энэ намыг эрх мэдэлтэй байх үед буланд шахагдаж, будаа мэт тоншуулж байсан шинэ цагийн шижигнэсэн залуус том үүрэг гүйцэтгэж буй гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийнхүү Монголын улс төр сөрөг хүчинтэй боллоо. Үүний хамгийн тод илрэл нь Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг албан ёсоор тавьсан явдал юм. Сөрөг хүчний буянд авч давхидаг АН даруулгатай даврихгүй бол байдал эвгүйдэхэд ойрхон байгааг ухаарлаа. МАН-ыг хэдэн сар бүлэггүй гацааж, улс төрийн том хүчний хувьд увайгүй загнасан өдрүүдийнхээ өөдгүй дүр зургаас бага ч гэхнээ ичлээ. Хаан боллоо гэж давраад хамаагүй тонгочоод байж болохгүй гэдгийг мэдэрлээ. Сөрөг хүчний байр суурийг эргэлтгүй сонгож, энэ орон зайд өөрсдийгөө хэн хэнээс илүүтэй тунхагласан МАН үүрэг хариуцлагаа үнэ хүргэж чадлаа. Олон нийт өмгөөлөх хүнтэй, эрх баригчид өө сэвийг нь өргөөд гаргаад тавих “ханьтай” боллоо. Товчхон хэлбэл, Н.Алтанхуягийг огцруулах, эсэх нь сонин бус, сөрөг хүчин бодит утгаараа сэрж өндийсөн нь Монголын улс төр дэх таатай үзэгдэл байлаа.
Н.Алтанхуягаас Н.Номтойбаяр хүртэл…
Америкт улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн, ТЕГ-т долоон жил алба хаасан, ид үедээ яваа залуу улстөрч АН-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс сөрж бослоо. Монголд ардчилал хөгжиж чадсаны баталгаа энэ юм. Нөгөө талаар улс төрд шинэ үеийнхэн орж ирсний том нотолгоо. Залуустаа халгаатай АН-ын ахмадууд, залуусаа нохойд барьдаг мод мэт үзсээр өнөөг хүрсэн МАН-ын хашир эрхмүүдэд энэ нь таалагдахгүй байж болно. Мөнгөөр худалдагддаггүй, өнгөөр арилжигддаггүй, үгээ залгиж бөөрөнхийлдөггүй, алдахаас айдаггүй нэгэн үеийн залуус Монголын улс төрд өөр өнгө авчрахын эхлэл энэ байлаа.
Өөр өнцгөөс нь харъя. Ардчиллаар овоглосон улс төрийн хүчнийг удаа дараа ялалтанд хүргэж, хагарч бутран хатавчиндаа багтахгүй байсан АН-ыг нэгтгэн зангидаж, холбон тоглох үүргээ хоёргүй биелүүлсэн Н.Алтанхуяг аль ч талаас нь бодсон ялсан намын даргын хувьд Ерөнхий сайдын суудалд зүй ёсоор заларсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал түүнийг эвдчихээгүй бол хүнийхээ хувьд Н.Алтанхуяг өрөөндөө орж өш зангидаад, өвөртөө нууж хонзон хонгинуулаад байх эрхэм биш. Олон охинтой болоод ч тэр үү, зөөлөн сэтгэлтэй, зөв бодолтой Н.Алтанхуяг улс төрд учраа олж, учраагаа таньж яваа залуу гишүүнд нэрмээс бус, нэмэр болох учиртай эцэг хүн. Н.Номтойбаярын хувьд ч ялгаагүй, улс төрд хол зам туулж, хат суун, харьж буцалгүй зүтгэх эрмэлзэлтэй нэгэн. МАН-ын нохойд барьдаг мод, ноолоход амар номхон тэмээ болохгүйгээ мэддэг байх гэж найдъя. Түүний ард нуугдаж үлдсэн бүхэн нөхөд бус ноход гэдгийг ухаарч гэмээнэ улстөрчийнхөө хувьд авах магадгүй эхний сургамж энэ ч байж болох.
Эцэст нь…
Сайхан байна. МАН-ын залуу улстөрч АН-ын даргатай мөчөөрхөв. Хандаж хаягласан үгийг нь хашир улстөрч Н.Алтанхуяг хүлээцтэй хүлээж авлаа.
Гунигтай байна. Залуу улстөрчийхөө захыг мушгиж “сор залчихаад” МАН-ын үе үеийн дарга нар ард нь нуугдаж, амь амиа бодов. Эл явдал Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр нарын хэн хэнд нь сургамж үлдээлээ. Ээлж ээлжээр эрх мэдлээ ашиглан энгэр хормойгоо дүүргэдэг өнөө цагийн улстөрчдийн хувьд содон нэгэн үзэгдэл үргэлжилж байна. Сайхан залуу насыг нь саваа болгон ашиглаж, зоолж байх үедээ зоогийн тавгаа зөөлгөн, үүдээ сахиулж, үүцээ мануулдаг аль аль намын ах нартайгаа залуу үеийнхэн маань улс төрд ухаан зарж байж энэ хуучинсаг байдлыг халах юм. Харин нэг л зүйл тодорхойгүй үлдэв. Мэдэгдлийг нь мэхийж сонсчихоод араас нь амбаардахгүй байх буурь суурь эрх баригчдад байгаа гэж найдъя. Тээр тэндээс тэвнэ мэт үгсийг твиттерээр дамжуулан бие бие рүүгээ шидлээд байвал тэдний хэн хэн нь олны элэг доог болох нь гарцаагүй. Эцэст нь өгүүлэхэд түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөх, үгүйгээс Монголын ардчиллын төлөвшил танигдах учиртай.
Тэгээд ч нутаг нутгийн эрчүүд нанчилдлаа гэвч наадмаар мэндтэй, сөргөлдлөө гэвч сүрээрээ ижилсэж явдаг бус уу.
Р.ЭМҮЖИН
christianloubou · 2013/07/22
Mandie Godfrey Norean pacino n***er pony bannion bundles pi
Зочин · 2013/04/28
Энэ хаа****** юмдээ танай сайт номт оос мөнгө авсы****** гэмээрл санагдаж байна
Зочин · 2013/04/28
ene emujin ch neg olhiogui yum bichij dee. humuusiin hoond ter tusmaa ahmad z**uu uyeiin hoond yas hayasan zuil bichsen baina. ingej bolohgui l yumsan.