Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?
5 цагийн өмнө
Монголын улс төр ч арчаагаа алдаж байна даа. Арай даварч байнаа, зарим улстөрч. Өрсөлдөгчөө авласан улстөрчдийн найраа, нанчилдаан найгаа алдлаа. Ямар ч ёс зүй алга болов. Улс төрийн хэм хэмжээг ч үгүй хийв.
Хамгийн аймаар нь УИХ хүч алдав. Уул нь Монгол Улс Үндсэн хуульдаа: Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж гоё тунхагласан. Мөн: УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан. Гэсэн атал УИХ чоно орсон хоттой хонь шиг л хуйларч бужигнаад явчихлаа.
УИХ дотроос: Ард нийтийн санал асуулгаар гишүүдийг цөөлье гэдэг санаачилга дэвшиж байх юм. Энэ олсны үзүүрт УИХ биш, огт өөр субьектийн оршин тогтнох хугацаа зүүлттэй яваа л даа. Удахгүй тодорч гарч ирнэ. Энэ мэт хүслийг гүйцэлдүүлэх гэж хуулийн байгууллагыг нохойд барьдаг мод болгодог боллоо.
Үндсэн хууль сануулж, УИХ-ыг хамгаалж хааяа ганц нэгээрээ улстөрчид, гишүүд дуугарах юм. Тэгэнгүүт нь хуулийнхнаар айлгаж, сошиалаар балбаад нам дардаг болсон. Ж.Батзандан лайв хийгээд шоронд, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ажлаа хийгээд бас шоронд. Тэрчлэн Богдын ээж, гишүүн асан Ц.Гарамжав 48 цаг хоригдоод гарч ирэхдээ Хөгжлийн банкны зээл, төрийн нууцыг хууль бусаар олж авсан ч гэлүү 5-6 хэрэгт шалгагдаж зовсон. Сүүлд гишүүн С.Ганбаатар: Эргэн тойрны маань хүмүүсийг оролдоод эхэллээ гэж лайвдсан. Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажилладаг С.Ганбаатар золиг: Нефтийн үйлдвэрийн 1.7 тэрбум ам.доллар эмзэг байна гээд шалгалт оруулчихаж. Тэгээд тэр. Эд бүгд нэгэн үзүүрт хөтөлнө. Эцэст нь харин АН дуугарлаа. Тус нам мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ: Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын бие даасан, халдашгүй байдалд заналхийлсэн үйл явдлууд сүүлийн үед өрнөж буйг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид эрс эсэргүүцэж байна. 2025 оны зургадугаар сарын 19-ний өдрөөс хойш УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслахыг хойшлуулшгүйгээр саатуулан байцааж, бусад хамтран ажиллагсдынх нь орон байранд нэгжлэг хийх зэрэг гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хуулийн хязгаарлалтыг тойрох замаар хамтран ажиллаж буй хүмүүсийг нь айлган сүрдүүлж, улмаар УИХ-ын гишүүний болон парламентын бие даасан байдалд заналхийлсэн явдал гэж үзэж байна. Ард түмний хууль ёсны төлөөлөл болох УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, шүүмжлэлт байр суурь илэрхийлснийхээ төлөө гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хууль хүчний байгууллагуудын дарамт шахалтаас парламентын дархлааг тууштай хамгаалах болно. Энэ мэтчилэн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай АН-ын гишүүдийг онилон шалгах, сүрдүүлэх аливаа ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна” гэсэн байна.
Энэнээс гадна Х.Тэмүүжиний өргөн барьсан УИХ хуулийнхны энэ мэт гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдлыг хянах Тусгай хяналтын дэд хороотой болох хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжжээ. УИХ байр суурь, дуу хоолойгоо гаргаж байна гэсэн үг. Чуулганд 99 гишүүн оролцож 72 нь дэмжсэн байна. Засгийн газарт сайдаар орсон, бас чиг баримжааны хувьд бусдаасаа өөрөөр явдаг нэр бүхий 27 гишүүн татгалзжээ. Татгалзсан нь Д.Амарбаясгалан, Т.Аубакир, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Дамдинням, Б.Жавхлан, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Н.Учрал, Б.Уянга, Б.Хэрлэн, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нарын 27 гишүүн байна.
УИХ дахь том намууд тус тусдаа хуваагдалтай болж байна. Нэг нь: Үндсэн хууль, УИХ-ын талд, нөгөөдөх нь: Сүр хүчний талд. Ийм хуваагдалтай болгоод Засгийн газрыг ч тоглоомынх болгож байна.
Сүүлийн Засгийн газар бүрдэхэд сайд нар гурав тасарч үүрэг чиг авсан байгаа юм. Нэг дэх нь: Улирсан хуучин сайд, хоёр дахь нь. Шинэ сайд нар, гурав дахь нь: МАН-аас бусад намын сайд нар гэж гурав тусдаа бараалхсан. Уулзалтаар тогтолцооны асуудал яригджээ. Сайд нар уулзаж гарч ирээд гишүүдэд: Бид ер нь ямар даалгавартай Засгийн газарт орчихов оо, нэг л хачин юм руу явчихлаа шүү гэсэн эргэлзээ нь одоо ч тайлагдаагүй хэд хэдэн сайд байна. Намууд ч гэсэн зүгээр нэг оркест болж орхилоо. Одоо аль ч намын их хурал бөөн хэрүүл маргаантай болно. Тэндээс эрүүл зүг рүүгээ чиглэх аваас тэр сайн.
МАН гэхэд бага хурал нь сая хульхидуулсан. Дангаараа байгуулна гэж сонгогдсон Засгийн газрын тэргүүн нь өмнөхөөсөө шал дор, нунж дорой Засгийн газар бүрдүүлсэн. Бүрдүүлэхдээ УИХ-аар бүтцээ батлуулалгүй бүрэлдэхүүнээ томилоод Үндсэн хууль зөрччихсөн. Шинээр бүрдсэн Засгийн газар дотроо: Тэр бол ханасан уусмал, би бол лидер гэдэг сайдтай болчихсон л байна. Мордохын хазгай гэж энэ буюу. МАН-ын их, бага аль ч хурал боллоо гэхэд юм юм л болно. АН ч ялгаагүй. Үндсэн хууль бодож ярьсан улстөрчдөө, гишүүдээ субьектив байдлаар дайрдаг бүлэглэлтэй болсон. Женко Баттулга танкаар айлгаж Тавантолгойг зогсоосон шиг тэд одоо Женкогоор айлгаад намаа бужигнуулдаг болсон. Энэ яавч сайн биш.
Намуудын их бага хурлууд дажинтай болохын шинж тэмдэг нь УИХ дахь бүлгүүдийнх нь байдлаас харагдаад байгаа юм.
АН-ын бүлгийн хурал дээр: Намаа тролл болгох гэсэн гишүүд тэр хавиар гүйлдээд байгаа шүү. Ер нь манай Эбэ эвгүй байсан ч арай ч биднийгээ айлгаж ичээдэггүй, арга залиар үзддэг байж. Намаа байтугай МАН-ынхныг ч яадаг ч үгүй л байсан даа. Ялангуяа УИХ руу халддаггүй байсан. Манай нам 21 оны сонгуульд яагаад ялагдсан бэ. Бүртгэл дээр тамга сольсон асуудлаар нийтийн сонсгол хийцгээе гэж ярьцгаасан байна. Гэлээ гэхдээ тэр хурал энэнээс гадна энд яримгүй ширүүн уур амьсгалтай болсон.
МАН-ынхан ч асуудалтай. 70-аад оныхон, 80-аад оныхон гээд хагарчихсан. Гэлээ гэхдээ энэнээс илүүтэйгээр: Үндсэн хууль ба сүр хүч гэдэг талцалтай болсон. Тэд: Би хэн бэ, чи хэн бэ гэдгээ нэлээд хэдийнэ ойлгоцгоочихсон байна. Одоо АН-аас Х.Тэмүүжин, МАН-аас Э.Болормаа нарын гишүүдэд дээрээс сануулга ирэх нөхцөл үүссэнийг нам, нам дээрээ ярьж байгаа юм байна.
Х.Тэмүүжин үг хэлсэн. Гарын үсэг цуглуулсан. Э.Болормаа 30 гишүүний бослого хийсэн. Энэ мэт нь л шалтаг болсон болов уу. Ингэж хуулийнхнаар далайлган дарамталдаг арга барилд гишүүдийн олон, ялангуяа шинэ залуу гишүүд АН, МАН ялгаагүй онцгой дургүйцэж байна. Тэр хэмжээгээр УИХ-д: Энэ болохгүй байна гэж байгаа гишүүд улам нэмэгджээ.
Иймэрхүү ая зантайгаар УИХ, Засгийн газар, намууд дор бүрнээ л тогтворгүй, үймээнтэй л байна. Хамгийн айхавтар нь энэ бүгдээс болоод эдийн засаг хэцүүдчихлээ. АН-тай хамтарсан Засгийн газраа огцруулах МАН-ын улс төрийн шийдвэр гарсан өдрөөс л нүүрсний үнэ уруудаад эхэлжээ. Дахиад ч унах улс төрийн яриа чимээ сонсогдоод уналаа. Гуйж гуйж Гашуунсухайтаа холбочихоод, нээсэн өдөр хөгийн улс төртэйгөө хутгалаа. Сүүлийн таван жил тултал дэмжиж, үнэ хэмжээг нь барьсан. Тэгсэн чинь эд нар ер нь бүтэхгүй юм байна. Өөрсдийнх нь ярьдгаар буянаараа болог гэж хөрш бухимдсан сурагтай. Энийг сонссон хувийн хэвшил, томдуухан аж ахуйн нэгжүүд доллар валютаа татаад эдийн засагт хонх цохиод эхэлсэн байна. Мөдхөн Монголбанкны ерөнхийлөгч хэцүүхэн мэдээ дуулдаж болзошгүй л юм. Гэсэн нь манай хэд эндээ нөгөөх жаахан төсвөө тодотгоод, төрийн хэдэн алба хаагчаа халж хаях гээд будилуулж байна. Энэний оронд УИХ-аар ураны гэрээгээ гялалзуулаад, Алт-3 хөтөлбөрөө эхлүүлээд ташуурдчихвал болох гээд байгааг эдийн засгийн мэргэжлийнхэн энд тэнд их л ярьж дуулгаж байгаа харагдах юм.
Тэгэхлээр: улсаа самарсан улс төр хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг л чухал. Монголоо самарсан улстөрчид ч яахав, албан тушаал хэмээх модон сандалтайгаа үлдэх нь л. Харин Монголын ард түмэн модоо бариад үлдэж магадгүй л шинжтэй болоод явчихлаа.
Ө.Билэг
Зочин · 2 цагийн өмнө
hovdiin must sumiin nanjid buzar hulgaich guila9
Зочин · 5 цагийн өмнө
GANTS YDAAGN SEKSYGR ANUSDI SXN BOOW XOXMOOR80955877