Х.Нямбаатар: Туулын хурдны зам руу нэвтрэхэд ₮5000 төлнө, өдөрт хэдэн ч удаа зорчиж болно
18 цагийн өмнө
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Шинэ тойрог зам буюу нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2025 онд авах 260 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Сангийн яаманд ирүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Тогтоолын төслийг дэмжиж байна. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн бухимдлыг, цаг завыг барж буй зүйл нь түгжрэл. Сүүлийн арван жилд автомашины тоо 80 хувиар өссөн. Авто замын дундаж хурд өнөөдөр 7-10 км цагийн хооронд л байна. Хөдөлгөөний эрчмийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал маш чухал байгаа.
Түгжрэлээс болж алдагдсан боломж гэж нэг зүйл бий. Түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг хэд байна вэ, үүнд хийсэн судалгаа бий юу? Энэ зам баригдсанаар алдагдсан боломж, түгжрэлийг шийдэхэд ямар нөлөө үзүүлэх вэ? Мөн аюултай ачаа барааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэж байгаа. Энэ асуудалд тойрог болон Туулын хурдны зам ямар үр нөлөөтэй байх вэ?. Эцэст нь хэлэхэд, Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс түгжрэлээс болоод гэр бүлдээ чанартай цаг гаргаж чадахгүй байгаа” гэж асуув.
Хотын дарга Х.Нямбаатар “Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км. Үүнээс гүүрэн байгууламж 9 км, туннелиэр 2 км, авто зам 14.8 км үргэлжилнэ. Бидний ТЭЗҮ-ээр Улаанбаатар хотод өдөрт дунджаар 580 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автомашины 30 орчим хувь нь тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэж тооцоо бодсон. Өөрөөр хэлбэл, өдөрт 180 орчим мянган тээврийн хэрэгсэл тойрог болон Туулын хурдны замаар зорчино. Өдөрт хэдэн ч удаа орж гарсан 5000 төгрөгийн төлбөртэй байна, ингээд 10 жилийн дотор замын өртгийг нөхнө гэж тооцоолсон.
Улаанбаатар хотод сарын дундаж цалин 2.2 сая төгрөг байна. Нэг цагийн дундаж цалин 13,000 төгрөг. Түгжрэлд зарцуулж байгаа цагийг 50 хувиар буюу 6500 төгрөгөөр үржүүлдэг. Тэгэхээр хүн нэг жилд дунджаар 30 хоног буюу нэг сарыг зарцуулж байна гэсэн тооцоо бий. Үүнийг 6500 төгрөгөөр үржүүлбэл түгжрэлийн өртөг маш өндөр гарч байгаа.
Аюултай ачааг Туулын болон тойрог замаар Улаанбаатар хотоос баруунаас зүүн тийш, хойноос урагш гаргах зохицуулалт хийхээр төлөвлөсөн” гэв.
Сангийн яам 260 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг судлан Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох эрсдэлийн үнэлгээг боловсруулан Үндэсний аудитын газраар хөндлөнгийн аудит хийлгэн дүгнэлт гаргуулжээ. Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа боловч эрсдэлийн үнэлгээнд төсвийн санхүүжилтийн эх үүсвэр эцэслэн батлагдаагүй, төслийн орлогыг тооцохдоо хөдөлгөөний эрчмийг өөдрөгөөр төсөөлсөн байх магадлалтай тул эрсдэлийн түвшнийг дундаж гэж үнэлсэн байна.
Зочин · 14 цагийн өмнө
SAWN80955877
иргэн · 15 цагийн өмнө
одоо л нэг зөв голдиролдоо орлоо доо
Зочин · 17 цагийн өмнө
TSAGN SEXSDX ANUSDN80955877