Миний хувьд "Оюу-толгой", "Тавантолгой", "Цагаан суварга" гэсэн гурван үгийг чихэндээ эвэр ургатал сонсч байсан болохоор, огт мэдэхгүй хүнээс арай ч дээр мэдлэгтэй байсан юм болов уу.
Энэ гурван үгийг байнга үглэж, нойроо хагаслан цаас шагайж суусан хүн бол миний дүү, геологи-минералогийн ухааны доктор, профессор Маамын Жамсран агсан юм."Энэ гурван орд газар монголчуудыг 200-300 жил Кувейтын баячууд шиг болтол тэжээнэ", "Ганц Оюутолгой л гэхэд зуун жил тэжээх нөөцтэй" гэхчлэн ярьдаг байлаа.


Нэг явж ирэхдээ "кокс" гэж юм авчраад гал дээр хийчихсэн чинь утаагүй, улайгаад байдаг эд байж билээ.Мөөмд чанартай нүүрсний дээж үзүүлж байгаа нь тэр.Жамсран маань "Цагаан суварга"-ын орд газраар докторы 11 зэрэг хамгаалж, Удирдлагын хөгжлийн академид багшилж байгаад хэдэн жилийн өмнө таалал төгссөндөө.
Төрсөн эгч, дүүгийн хүүхэд ч гэсэн хэдхэн хоногийн зөрүүгээр тэр миний дүү байсан юм.Одоо л би, Жамсрангийнхаа тэр их "лекц"-ээс жаахан ч гэсэн тогтоож авахгүй яав даа хэмээн өөрийгөө зүхэж сууна.1990-ээд оны сүүлчээс өнөөх Оюутолгой гэдэг үг ганцхан миний чихийг биш, монголын чихийг, дэлхийн чихийг дэлдэх болсон.


Оюутолгой, Таван-толгой, Цагаан суварга гэсэн орд газруудыг нээж, түрүүчээс нь олборлож эхэллээ гэхэд, надаас өөр баярлаж байсан хүн мөн ч олон бий дээ.Эцэг дээдсийнхээ, амь насаараа дэнчин тавин хадгалж ирсэн, "үүц"-ийг одоо л задаллаа.Монгол Улс азийн бар болно.
Бид гуйлгачин байдлаа орхиж, баян тансаг амьдарна гэж хэн хүнгүй л баярлаж байсан байх.Оюуголгой, Фрийдланд гэсэн хоёр нэр ихэр юм шиг сонсогдох болсон.Эрх баригчид маань, далайн чанадаас Фрийдланд гэж бурхан заларч ирж байгаа юм шиг сурталчлах болж билээ.
Тэр хүнийг Далай багшийнхаа ч хаахна залж байсан юм мэдэхгүй.Тэр хүнд Оюуголгойгоо "бэлэглэж", монголчуудын хувь заяаг даатгаж байгаа юм шиг төсөөлөгдөх болж билээ.1999 онд "Австралийн Би-Эйч-Пи компани Оюу-толгойг хамарсан Монгол Улс дахь өөрийн хайгуулын талбайг бусад компаниудтай хамтран ашиглахаар санал болголоо" гэсэн мэдээ цацагдаж билээ.
Ердөө л хэдэн сарын дараа " " Айвенхоу Майнз" компани "Би-Эйч-Пи" компанитай гэрээ байгуулан Оюутолгойг 100 хувь эзэмших эрх авлаа" хэмээн зарлалаа. Энэ "Айвенхоу Майнз" гэдэг маань өнөөх бурхан багшийн дүрээр заларч ирсэн Фрийдландынх.
Ингэж "Эрдэнэт"-ээс л гэхэд зургаа дахин том алт зэсийн нөөцтэй бүлэг ордоо харийн хүмүүсийн гарт орсныг сая ойлгож, "төрийн төлөө огтоно боож үхнэ" гэгч болсон доо.
Энэ л үед нөгөөх Фрийдланд маань дэлхийд тэргүүлэх ганц орд газрыг маань барьцаалаад олон улсын зах зээлд хөрөнгө босгож, бурхан биш, модоо барьж ирсэн гуйлгачин монголын хөрөнгөөр тэрбумтан болж байсан юм билээ.
Тэр харийн гуйлгачинд, лиценз нэрээр газар нутгаа тасалж өгөөд, Монгол Улсаа, хүн ардынхаа хувь заяатай худалдчихсан тухайн үеийн ерөнхий сайд, эрх мэдэлтнүүд хэн байв?Ард түмэндээ мэдэгдэлгүй, санал бодлыг нь сонсолгүй нутаг орноо худалдаж, өөрсдөө баяжсан тэр хүмүүст цааз ял ч багадна гэж би бодож явдаг хүн.
Фрийдландыг ид монголын хөрөнгөөр гараа угааж байх үед нь нутгийнх нь нөлөө бүхий хүн ирж манай хэвлэл мэдээллийн газруудад "чөтгөр" хочоор нь дуудаж байгаад ярилцлага өгч билээ.Тэгсэн чинь юун бурхан байх вэ.Яг хоч нэрэндээ таарсан "чөтгөр" л байсан юм билээ.


Африк, Латин Америкийн манайх шиг ядуу буурай улсуудын эрдэс баялагаар гараа угаагаад, ядууруулж тартагт нь тулгасан хүн, буянтны дүрээр Монголд ирж Оюутолгойг маань атгаж авсан юмсанж.
Тэрээр их нарийн аргатай, буурай орнуудын авилгад дуртай удирдлагуудыг судалж байгаад нударган доогуур ихээхэн мөнгө атгуулаад хэргээ бүтээчихдэг хүн гэдгийг, нутаг нэгтэн нь хэлээд авсан л даа.Тэрээр манай улсын хэнд юу атгуулж Оюутолгойн лицензүүдийг гартаа оруулж авсан нь одоо хүртэл тодорхойгүй нууц байдаг.
Үүнд л хамаг учир байгааюм.Уурхайн нөөцийг манайхан нарийн гаргаж чадаагүй байсан л даа.Гэхдээ алт, зэсийн асар их нөөцтэй орд гэдгийг эрдэмтэн судлаачдын хувьд дүн барагцаагаар мэдэж л байсан юм билээ.
Манай өмнөө барих, туршлагатай эрдэмтэн анх гадныханд Оюутолгойгоо зааж өгөн "Энд л судалгаа хийж, олборлолт явуулмаар газар байгаа юм" гэснээр баялагтай улс орнуудын "үнэрийг авч" явдаг гадныхан наашаа хандсан гэдэг.
Ингэж дэлхийн улс орнуудын эрдэмтэн мэргэд, улс төрчид, тэр дунд бас олз олбор хайсан доншуур наймаачид богц сав ганзагаласан "боохой шуламнууд" хүртэл бүгд Монгол руу хандсан даа. Энэ дунд "Хөөрхий муу Монгол минь ядарч яваа юм.Тусалж дэмжье" гэсэн бодолтой ганц ч болов хүн ирсэн үү? Үгүй.
Өнөөдөр XXI зуун. Юун Монголд туслах битгий хэл, ашигт малтмал баялагийг нь хувааж авахаар, ашиг хонжоо харсан араагаа хүртэл зэвсэглэсэн бүлэглэлүүд эдийн засгийн нууц тулалдаанд хүч үзэж байна.
Тэд хэнд нь ахиухан юм атгуулбал манай руу хандах бол гэж бодож байгаагаас биш тавь жаран хувийн ядуучуудад нь талхны булан үмхүүлчих юмсан гэх нэгээхэн ч гадныхан байхгүй дээ.Хатуу хэлж байна гэж битгий бодоорой.Гашуун үнэнэнэ.


"Чөтгөр" хочоороо дуудуулсан Фрийдланд Монголд тэр дүрээрээ, тэр нүүрээрээ оршин суух аргагүй болсон.Дор нь халаад өөр эзэн гарч ирсэн.Гэхдээ "чөттөр" ардаас нь одоо хүртэл удирдаж л байгаа.Монголын хөрөнгийг барьцаалж дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгоод явж байгаа.
Гадны хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юү, хэрэгтэй.Өнөөгийн Монголын амин зуулга энэ.Алдаж онох зүйл байх уу, байж л таарна.Манайх шиг ардчилал, зах зээлийн нийгэмд хөл тавиад арав хорин жилийн нүүр үзэж байгаа орон байтугай дэлхийн томоохон улс гүрнүүд ч алдчихдаг л юм гэсэн.
Хамгийн гол нь төрийн эрх ээлжилж барьсан нам төрийн удирдлагын цөөн хэдэн хүн нууц аргаар баяжиж, монголын хамаг хөрөнгийг гадаадын банкуудад чихчихээд ард түмэн гуйлгачин ядуу байгаад л хамаг учир байгаа юм.Монголд хоног тутам 5-10 хүн золгүй явдлаар нас барлаа гэж мэдээлэгддэг байсан бол одоо 18 хүрлээ гэнэ.
Муу нэртэйгээр нь архинд буруу өгч байгаа.Чин үнэнээр бол хэд нь өлбөрч юм уу, энэ харгис хатуу нийгмээс залхаж амиа егүүтгэж байгаа бол.Дайн болоогүй Монголд, өдөр бүр буун дуу тасалдахгүй байгаа улс орноос илүү хүн нас барж байна гэдэг харамсмаар биз дээ.


З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын цөөн хэдэн хүний тансаглалд төсвийн мөнгө багадаад эзэн Чингисийнхээ нэрийг барин 5 тэрбум ам.долларыг бонд нэрээр өр тавьж байх юм.Хүнд юмаа өгчихөөд өөрсдөө өр тавьж суудаг айлынхныг "мэдрэл муутынхан" л гэдэг юм.
Тэр жишээ Монголын төрд нүүрлэсэнд ард түмэн гомдохоос яахав.2008 оны сонгуулийн дүнгээр МАХН олонхи болж дангаараа Засгийн эрх барих байтал Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгууллаа.С.Баяр тэргүүтнүүд гуйж байгаад шүү.


Хамтарсан Засгийн газар байгуулж ард түмнээ жаргаах гэсэн гэж манжлаад яахав.Үүний цаана хоёрхон зорилго байсан.Нэг нь, 2008 оны сонгуу-лийн дараа болсон аймшигт аллагыг сөрөг хүчингүйгээр хав дарж өнгөрөөх.
Нөгөө нь Оюутолгойн гэрээг улс ард түмэндээ хэрэгтэй биш, өөрсдөдөө ашигтайгаар нууцаар батлах явдал байсан.Нэгдүгээр зорилгоо биелүүлсээн.2008 онд Д.Сүхбаатарын талбайд болсон цуст аллагыг чимээгүйхэн дарж гол буруутан Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд бөгөөд онц байдлыг хэрэгжүүлэх комиссыг удирдаж байсан Ц.Мөнх-Оргил нарыг сугалж авч үлдээд цагдаагийн хэдэн генерал, хурандаа нараар "туг тахиж" билээ.
Хэрэг хуучирдаггүй.Шударга төр засаг хэзээ нэг цагт тогтож л таарна.Тэгэхэд энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэх биз.Хамтарсан засгийн газрын хоёр дахь гол зорилго Оюутолгойн гэрээ.Энэ гэрээг монголчууддаа ашигтай биш, харийнханд ашигтай байхаар батлахын тулд хэдэн хүн яаж нүүрээ улайлган, нүдээ бүлтийлгэн зүтгэлээ дээ.
Манай ард түмэн чинь нүдтэй, чихтэй шүү дээ.Эхнээс нь л энэ гэрээний цаана асар том авилга байна гэж шивнэлдсээр өнөөг хүрсэн. 2009 онд Монгол улсын засгийн газар "Айвенхоу Майнз", "Оюутолгой" ХХК, "Рио Тинто" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсын засгийн газар Оюутолгой төслийн дөнгөж 34 хувийг эзэмших болсон.


Эзэн улсын өнөөх 51 хувь яалаа?Авилгад л явсан байх.Хамгийн сонирхолтой нь энэ гэрээний төслийг техник эдийн засгийн үндэслэл ч үгүй, УИХ-д оруулж ирж байгаа юм.Арай дэндсэн хэрэг шүү.Жижигхэн гүүр барихад ч техник эдийн засгийн үндэслэл нэхээд бариулдаггүй юм билээ.
Тэхэд, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн том орд үйлдвэрээ техник эдийн засгийн үндэслэлгүй оруулаад ирж байгаа юм."Харийн хүмүүсээс хувьдаа их мөнгө авчихсан, түүндээ шантаажлагдаад энэ хэдэн хүн мөн ч сандарч, яарч байна аа" гэх хүмүүс таарч л байсан.
Хувьсгалт намын удирдлагууд их "дотор тамиртай" хандсан л даа.Сүүлд хэзээ нэг цагт том юм босч ирнэ гэдгийг мэдэж байсан учир "бөгсөө манасан".Албан тушаалд дуртай, өөрсдөө гүйгээд "өвөрт нь ороод ирж" байгаа хүмүүстээ яаж хандахыг мэднэ.
Н.Алтан-хуягийг Засгийн газрын тэргүүн шадар сайд гэсэн том сэнтийд залчихаж байгаа юм.С.Барцогтыг сангийн сайд, Л.Гансүхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тохоон томилж билээ.Энэ хоёр ямарч гэрээнд, ямарч нөхцөлд нүдээ аниад үзэглэчихнэ гэдгийг сайн мэдэж байсан.
Гурав дахь хүн нь, өөрийнх нь намын Д.Зоригт. Түүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилж байгаа.Хөөрхий дөө тэр залуу зэс, чулуу хоёроо ялгаж ч байсан юмуу, үгүй юмуу бүү мэд.Ийм хэдэн хүнийг сонгон авч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зуруулсан.


Ингэж газар нутгаа худалдсан хүмүүсийн гай түйтгэр захаасаа илэрч эхэллээ.Эхлээд УИХ энэ 34 хувьтай гэрээг чинь батлаагүй юм шүү.Тэгтэл Оюу-толгойн гадаад эзэд "Улсын Их Хурлын гишүүдтэй ганцаарчилж уулзана" гэсэн нууц зарыг манайхан хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацчихсан.
Хэсэг чимээ тасарснаа гэрээг бараг хуучин хэвээр нь баталчихсан билээ."Ганцаарчлан уулзана" гэдэг чинь авилга өгье л гэсэн үг биз дээ.Хэн нь хэдий юу авсныг бид яаж мэдэх билээ.Аливаа нууцалсан зүйл сэжиг таамаг дагуулдаг болохоор нэг хэсэгтэй л "Оюу-толгойн авилга" гэж шуугицгаасан.
"Улсын их хурлын гишүүдэд тэрбум тэрбумаар нь төгрөг өгч гэнэ", "Тэр тэр татгалзаж гэнэ", "Голлох зарим хүнд тэрбум доллар өгч гэнэ", "500 сая доллар авсан нэг нь барьцаад тэрбум доллар болгож гэнэ" гэхчлэн эх захгүй цуу яриа хөвөрсөн дөө.
Энэ яриаг намжаах бодлого дээрээс хүчтэй явуулж, зарим хэвлэл мэдээллийн газар, ажилтныг дарамталсан сураг ч байдаг.Ямартай ч Оюуголгойн гэрээнээс ард түмэн бидний алган дээр юм тавигдаагүй, арьсан дотор ч юм наалдаагүй.
Эх орны хувь хишиг сайхан нэрээр хэдэн төгрөг тараасныг траншейны Дорж, сэтгүүлч Жамьян, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүгд л авсан байх.Одоо болохоор энэ засгийн газрын эрхмүүд "Та нар муусайн идчихсэн.Халамж гэж юмыг хялайлгахгүй" гээд цалин тэтгэвэрийг яг барьчихаад, бүх зүйлийн үнэ тарифийг хөөрөгдөж байгаа.
Заримдаа ч ингэж "байгалийн хишиг" хүртсэнд орвол, бахь байдгаараа өлбөрч үхэх нь яав даа гэж бодогдох л юм.Саяхнаас Оюутолгойн гэрээний хуудуу илэрч эхэллээ.Эхнээсээ л буруу замаар будаа тээсэн юм билээ.
Манай засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан "Голдман сакс" компани нь "Ай-венхоу Майнз" компанид хувь эзэмшдэг, нэг ёсондоо, нөгөө талынхаа компаниас зөвлөгөө аваад гэрээ хийж байдаг, ийм харалган Засгийн газар байх уу даа.


Бодвол "Голдман сакс" компани нь Монголын нэг нөлөө бүхий хүний л "ивээн" тэтгэгч байгаа л даа.Ингэж бүх зүйлийг хувийн ашиг сонирхлоор шийдсэн байдаг юм байна.Оюутолгойн гадаад эзэд ч, нөгөө С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гурваар гэрээ нэртэй юманд гарын үсэг зуруулж аваад, ёстой л эзэнгүй хонинд чоно орсон юм шиг загнасан байгаа юм.
2009 оны долдугаар сард Монголын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан Оюутолгойн ордын нийт нөөц нь 45 сая тн зэс, 1800тн алтаар тогтоогдсон байдаг. Гэтэл төсөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 2010 онд хийсэн тооцоогоор,дээрхээс дөрөв дахин бага зэс, гурав дахин бага алт авахаар тооцоолсон байгаа.
Тэгээд ч зогссонгүй Монголын Оюу-толгойн баялагийг үнэлүүлж, компанийхаа 51 хувьтай тэнцэх хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр зарж 4 тэрбум ам долларын ашиг орлого олсон ч, Монголын талд ямарч хамааралгүй хав дараад өнгөрөөж эд. Энд нэг ноцтой зүйл бол монголчуудыг гадуурхадаг явдал.
Гэрээнд, адил тэгш цалин олгоно гээд заачихсан байдаг боловч монголчууд хамгийн бага цалин авдаг.Гадныхан асар өндөр цалин авдаг нь үнэн.Нэг зүйлд би эхнээс нь эргэлзэж ирсэн.Энэ бол ажлын байрны асуудал.Манайхан Оюутолгойд 10000 монгол хүн ажиллаж байгаа гэж сурталчилдаг.


Энэ чинь хаанаас, хэн гэгч гаргасан тоо юм, бүү мэд.Манай статистик, хөдөлмөрийн албаныхнаас Оюу-толгойд ажиллаж байгаа монгол хүнийг cap жилээр авсан цалингийн хүснэгттэй нь тулган судалж үзсэн үү?Зүгээр л "Рио Тинто"-ийнхны амаар туугаад байгаа юу?Миний нэг танил хүн тэнд ажиллаж байгаад ирсэн.
"Юун арван мянган монгол ажилчин бэ?Сайндаа л найм есөн зуун монгол байгаа байх.Шаардлага гарвал өвөрмонголчуудыг монгол гээд харуулчихна.Нутгийн дуулгавартай "бүртгүүлэгчид" олон бий гэх юм билээ.
Энэ бүхнээс үзэхэд манай Оюу-толгойн гадаад эзэд нэг л бүтэл муутай, зальжин, монгол хүнд байтугай бүхэл бүтэн улсын төр засагт дээрэлхүү ханддаг хүмүүс юмуу даа гэж бодогддог.Яагаа ч үгүй ингэж "сүүлээ сөхөж" байгаа юм, хэдэн жилийн дараа өмнийн их говь нутгийг минь "РиоТинто"-гийнх" гэж зарлах вий гэж айх юм даа.
"РиоТинто"-той байгуулсан гэрээний гол эзэн, өнөөдөр Улсын их хурлын дэд дарга хэмээх өндөр суудалд заларч байгаа, Монголын толгой баян С.Баярцогтын талаар таагүй мэдээ сүүлийн үед дэлхий нийтэд цацагдлаа.
Өөрөө бол бултаж булзааруулсан хариулт барьж л байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум Швейцарийн банкинд С. Баярцогтын хадгалуулсан нэг сая долларыг (Зарим хэвлэдд 1,6 сая евро гэж бичсэн ч бий) мэдээлчихэж.
Эрхэм гишүүн үүнийгээ "Бага юм, мартчихаж" гэсэн байдлаар ярьж байна билээ.Монголын хөрөнгийг уутлаад гадаадын банкуудад чихчихсэн энэ хэдэн хүний хувьд бол мэдээж бага мөнгө.Гэхдээ их юмны зах сэжүүр гарч ирлээ гэж хүмүүс шуугиж байна.
Аргагүй шүү дээ.Монголын асар их баялаг, гадаадын зээл тусламж, бүр болиод Чингисийнхээ нэрийг барин оруулж ирж байгаа тэр их хөрөнгөний өчүүхэн хэвь, зарим хүний ярьснаар 10-20 хувиар гол зогоож байгаа ард түмний хувьд бол аргагүй л анхаарал татсан асуудал.
Хүмүүс, Монголын хөрөнгийн ихэнх нь цөөн хэдэн хүний нэр дээр гадаадын банкуудад чихээтэй байдаг, мөн тэдний барьж байгуулсан орд харш, эдлэн газар, дэлхийн хамгийн сайхан газруудад бараг хот суурин болчихсон байдаг гэх юм билээ.


Түрүүч зарим хүмүүсийн гадаад хадгаламжийн асуудал сөхөгдөөд дороо л хав дарагдаж байсан.Одоо бол С.Баярцогтын асуудал хаашаа ч бултах замгүй босч ирлээ.Сүүлийн үед олон улсын хэмжээнд мөнгө угаасан, татвараас бултсан, төрийн дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж далдалсан хэрэг явдал их болсноос аль ч улс орон үүнд онцгой анхаарах болсон.
Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн дээд албан тушаалтнууд гадны банкуудад байршуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэх хоёр сарын хугацаатай үүрэг өглөө.Энэ, нэг юм хэлээд л байгаа биз.Энэ мэт явдлуудыг манай эрхэм дээдэс, тухайлбал Улсын банкыг олон жил удирдсан О.Чулуунбатаас эхлээд мэдчихсэн "Банкны мөнгийг илрүүлж болохгүй.
Улам чанд нууцлах хэрэгтэй" гэж бараг л орой болгон зурагтаар ярих боллоо.Мань хүн их мэдээлэл авсан, өөрөө ч гадаадад чамгүй юмтай байж магадгүй гэсэн яриа газар авч байна.Энэ гогцооноос барьж Цагдаа, Авлигатай тэмцэх газар шударгаар шалгаасай гэх олон хүн байна.С.Баярцогтыг гурван зүйлд холбогдуулан шалгаж болох гэнэ.

Нэгдүгээрт: Хориодхон жилийн дотор С.Баярцогт хэрхэн яаж Монголын толгой баян, тэрбумтан болсон бэ? гэдгийг. 1990-ээд оны үед монголчууд нэг л гараанаас зах зээлд орсон.Сайндаа л гурван өрөө орон сууцтай байсан байх.
Тэгтэл С.Баярцогт нарын цөөн хэдэн хүн түрүүлж хол тасраад явчихсан.Даан ялангуяа УИХ-д орж ирж байсан энэ жаалхүү л гэхэд хэдхэн жилийн дотор яахлаараа дэлхий даамгүй баян болдог билээ.Энэ бол гадаад хөрөнгийнх нь зөвхөн сэжүүр байж ч магадгүй.
Олон улсын ямар банкуудад ийм хөрөнгө хадгалж, татвар, хөрөнгө орлогын мэдүүлгээс зугатаалгаж байгаа юм, сайн шалгах хэрэгтэй гэцгээж байна.Сүүлийн үед Ардчилсан намын удирдлагууд түрүүчийн засгийн газар хөрөнгө мөнгөний асар их зөрчил гаргасан идэж уусан бололтой ярьж байгаа.
Тэгвэл хамтарсан засгийн газарт тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуяг сангийн сайд байсан С.Баярцогт нар хаашаа ч бултах аргагүй баймаар.

Хоёрдугаарт: Оюутолгойн гэрээ гэгчийг хам хум хийж, гадныханд ашигтай болгосны цаана ямар нэгэн "но" байж таарна. С.Баярцогтыг энэ гэрээтэй холбогдуулан шалгах ёстой гэнэ.Хүмүүсийн яриагаар бол Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хоёр удаагийн уулзалтын цаана асар том зүйл нуугдаж байгаа гэх.
Монголын хувийг өсгөж гэрээнд өөрчлөлт оруулах гэхээр цаадуул нь "Тэгвэл хэн хэдий авилга авсныг чинь зарлана" гэж айлгадаг гэсэн жиг жуг яриа байна.Тэр үнэн бол хөрөнгө оруулагчдын уулзалт хэчнээн боллоо ч гэсэн нэмэр байгаа юмуудаа.
Юутай ч С.Баярцогт энэ гэрээний хариуцлагыг үүрэх гол хүний нэг.Өнөөдөр ардчилсан намынхан өмгөөлж хамгаалаад үлдлээ ч Монголд шударга хууль үйлчлэх цаг ирэх юм байгаа биз дээ?

Гуравдугаарт: Швейцарийн банкны нэг сая долларын хэрэг. 800 мянга нь миний гурван найзынх гэсэн байна билээ.Тэр найз нараа, ард түмэндээ ил тод хэлэх ёстой гэнэ.Хууль хяналтын байгууллага ч хамтад нь шалгах нь зүйн хэрэг байх.
Улсын Их Хурлын дэд дарга хүн, ийм болчимгүй зүйл хийчихээд бултаж булзааруулаад байхад Цагдаа, Авлигатай тэмцэх газар, Хууль хяналтын байгууллага шалгаж л таарах байх.Олон түмэн анхааралтай ажиглаж байгаа.
Ийм үзүүр ёзоорыг шалгадаггүй юм бол Монголд цагдаа, хуулийн байгууллага гэж нүсэр бүтэц байхын хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу.Оюутолгой гэж.Ард түмнээ үгүйрүүлж, гадныхантай rap ганзага нийлсэн хэдэн хүнийг баяжуулсан эх дэлхийн хөөрхийлөлтэй сорви.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяан