Увс аймгийн 100 жилийн ой хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. 

Ойн арга хэмжээний үеэр Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс бэлтгэл ажлыг хэрхэн базаасан талаар нь тодруулсан юм. Тэрбээр Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг аж. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид төрөлх нутгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргалаа. Хэд хэдэн ажлыг онцлон яримаар байна. 

Эхний ээлжид 1,400 гаруй хандивлагч нар Увс аймгийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд биет болон биет бусаар 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт босгож хандивласан. Нутгийнхаа нийт хандивлагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Хоёрдугаарт нутгийн зон олон 100 жилийн ойг тэмдэглэхэд бүгд бололцоо хүчээрээ, өөрийн сэтгэл зүрх, цаг хөдөлмөрөө зарцуулсан. Ойн арга хэмжээнд бие сэтгэлээрээ оролцсон хүн бүрд Ой зохион байгуулах комиссын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлмээр байна. 

Түүнээс гадна ойн арга хэмжээг угтаж орон нутгийн болон улсын төвт төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн наадмын талбай, морь барианы газар тэргүүтэй нийтдээ 22 орчим тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээ. Жишээлбэл цэнгэлдэх орчмын газрыг 4.5 тэрбум төгрөгөөр тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэсэн. Энэ ажлыг шийдвэрлэхэд гол манлайлал үзүүлсэн хүн бол Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурь. Мөн манай нутгаас сонгогдсон О.Цогтгэрэл гишүүн бид гурав нийлж 4.5 тэрбум төгрөгийг улсын төсөв тусгуулсан.

Мөн Улаангомын цэнгэлдэх орчмын цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхэд миний багцаас хоёр тэрбум төгрөгийн ажил хийгдсэн" гэв

Б.Чойжилсүрэн нь 2008 оноос хойш Увс нутгаас тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Тэрбээр 2024 оны байдлаар нийт 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготой гэдгээ мэдүүлсэн байна. Мөн түүний эзэмшлийн "Хурд групп" ХХК нь Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан 500,000,000 төгрөг хандивлажээ.