АНУ-ын засаг захиргаа визийн хугацаа хэтрүүлэх явдлыг бууруулах зорилгоор зарим жуулчны болон бизнесийн ангиллын визээ $15,000 хүртэл барьцаатай болгох туршилтын хөтөлбөр эхлүүлэх гэж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Виз хэтрүүлэх зөрчил хамгийн их гардаг улсуудын иргэдэд үйлчилдэг консулын ажилтан үзэмжээрээ ийм хэмжээний барьцаа тогтоох эрхтэй болох юм байна.

Үүнээс гадна иргэнийхээ талаар хангалттай, баталгаатай мэдээлэл АНУ-ын консулын албан хаагчдад гаргаж өгч чаддаггүй улс орнуудад үүнийг хэрэгжүүлж болох гэнэ.

Шинэ хөтөлбөр наймдугаар сарын 20-ноос эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

Консулын ажилтнууд виз мэдүүлэгчээс $5,000, $10,000, $15,000 гэсэн гурван сонголтоор барьцаа шаардах эрхтэй ч хэмжээ нь ерөнхийдөө $10,000-аас эхлэх гэнэ.

Виз авсан хүн хугацаандаа буцаж ирсэн тохиолдолд барьцааны мөнгийг буцаах юм байна.

Үүнтэй төстэй хөтөлбөрийг ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн саруудад буюу 2020 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй гэнэ.

2023 оны АНУ-ын Гааль, Хил хамгаалах албаны мэдээллээс үзвэл Бурунди, Жибути, Того зэрэг Африкийн голдуу орнуудад визийн хугацаа хэтрүүлэлтийн хувь хэмжээ хамгийн өндөр байжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Конгресс “visa integrity fee” хэмээх виз мэдүүлэгчээс авах $250-ын хураамжийг бий болгох хуулийн төслийг баталсан. Уг хураамжийг виз мэдүүлэгчээс авч, виз нь гарсан тохиолдол буцаан олгодог байх юм.

Энэ хураамжийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

Аялал жуулчлалын US Travel байгууллага энэ хураамж жуулчдын тоог бууруулж, АНУ-ыг дэлхийн хамгийн өндөр визийн хураамжтай улсуудын нэг болгож байгааг анхааруулж байв.

 

Эх сурвалж: Reuters