Нэгдүгээр ангийн ЦАХИМ БҮРТГЭЛ эхэллээ
5 цагийн өмнө
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэх аж.
Нэгдүгээр ангийн элсэлтэд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллах бөгөөд 29 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байна.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мянга гаруй багш, ажилтны орон тоо дутахаар байгаа дүн мэдээ гарсан нь элсэгчдийн тоо өссөнтэй мөн холбоотой юм.
Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн тоо сүүлийн саруудад харьцангуй буураад байгаа хэдий ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж дүгнэсэн тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах чиглэл өгчээ.