АХМАДУУД Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 болгохыг шаардав
2 цагийн өмнө
Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар ахмадууд “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэдний зүгээс "Ахмадуудын дуу хоолойг сонс", "Бид дуугүй суухгүй эрхийнхээ төлөө тэмцэнэ", "Монголын ахмадууд гуйлгачин биш эх орныхоо төлөө тэмцэгчид" хэмээгээд хэд хэдэн шаардлага дэвшүүлж байгаагаа хэлэв.
Ахмадын тэтгэврийн зээлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ "Өдийг хүртэл бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, ач зээ нартаа атга чихэр авч өгөх эрхгүйгээр амьдарч байна.
Ахмадууд бид ч амьдрах эрхтэй. Гэтэл өдрөөс өдөрт ийм боломжгүй мэт болов. Бидний амьдрал улам доройтож байна.
Тэтгэврийг нэмж, хүүг бууруулж, хамтран зээлдэгчийн шаардлагыг зөөлрүүлэх хэрэгтэй байгаа. Бид нар амьд явах эрхтэй, аялах эрхтэй, эмчлүүлэх эрхтэй" гэлээ.
Үргэлжлүүлэн тэдний зүгээс "Ядарсан ахмадууд бидний дуу хоолойг төр засаг сонсохгүй байна. Төрийн хариуцлага бүдгэрч, арилжааны банкууд ахмадуудаа шулж, дарамталж буй дүр зураг л бидний өмнө тод харагдаж байна.
Тэтгэврийн зээлтэй ахмадуудын зовлонг өдөр бүр харж, сонсож байна. Эмээ, өвөө нар уйлсаар, өлссөөр, ядарсаар, өвдсөөр л байна.
Иймд бид зарим нэг төрийн түшээдийн үгийг эргэн сануулъя.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Би хүний түрийвч болон халаас руу өнгийдөггүй” гэж ярьж байсан. ТА гэж хүндлэх хүндлэл үнэндээ алга.
Тэгвэл чи ахмадууд бидний амьдрал руу өнгийх ажил хийснээ мэдэж байна уу? Ард иргэдийнхээ бодит амьдралд хүрч ажиллаач, дотор нь орооч.
Сангийн сайд Б.Жавхлан “Ахмадуудыг 350,000 төгрөгөөр хангалттай амьдарна” гэж ярьж байсан. Нэг сарын турш 350,000 төгрөгийг амьдралдаа яаж хүргэх талаарх төсвөө гаргаад өгөөрэй. Энэ үг чинь өнөөдрийн үнэ тарианы үнэ, байрны төлбөр, түрээс, идэх, өмсөхтэй ямар ч уялдаагүй амьдралаас тасархай.
Сангийн сайд Б.Жавхлан бас “Тэтгэврийн зээлийн хугацааг уртасгавал инфляц өснө” гэж хэлснээр ахмадуудыг улам дарамтад оруулсан.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын найм хүрэхгүй хувь буюу 281,200 ахмад тэтгэврийн зээлтэй байна. Энэ бол тоо биш. Амьдралын эрхээ банкны хүүнд барьцаанд тавьсан эмээ, өвөөгийн зовлон юм.
Увс аймгийн 100 жилийн ой болохтой уялдуулж 1.2 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан нь ямар дураараа аашилж, санхүүгийн сахилга батгүй байдгийг нь харуулж байна.
Та нарын тансаглал инфляц өсгөдөг болохоос цөөн хэдэн ахмадуудаа ингэж ад үзэж, адалж боломгүй санагдах юм.
Бидний шаардлага:
- Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 болгох
- Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болтол бууруулах
- Зээлийн хугацааг 36 сар болгох, дараа сард нь нэг сарын зээл олгодог болгох
- Давхар хүүнд өндөр шимтгэл тооцдог шударга бус байдлыг таслан зогсоох
- Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл биш онцгой зээлийн ангилалд оруулах хууль батлах. Үүнийг хийх эрх мэдэл нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бий.
Хуулийн өөрчлөлтийг яаралтай хийхийг шаардаж байна" гэдгээ илэрхийлэв.
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDI80955877