Орон сууцны үнийн өсөлт  Үндэсний статистикийн хорооноос гаргасан  тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны  үеийнхээс 31.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.7 хувь, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өссөн байна.

Тус тайлангаас харахад Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 33.1 хувь, Баянзүрх дүүрэгт 32.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 32.3 хувь, Баянгол дүүрэгт 30.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.  Харин 2014 оны нэгдүгээр улирлаас Баянзүрх, Хан-Уул дүүрэгт 1.0 хувь, Баянгол дүүрэгт 0.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.4 хувиар өсч, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувиар буурсан байна.

Ашиглалтад 1970 оноос өмнө оруулсан орон сууцны үнэ 2014 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 21.1-31.6 хувь, 1970- 2001 оны орон сууцных 28.9-34.8 хувь, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 32.5-39.1 хувиар нэмэгдсэн байна.

 Барилгын материалын хувьд, эх орны үйлдвэрийн нэг м2 вакуум цонхны дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс 23.0 мян.төг буюу 25.6 хувь, нэг м3 шалны банз 10.0 мян. төг буюу 4.3 хувиар өсчээ.

Харин  1000 ш улаан тоосгоны үнэ 53.5 мян.төг буюу 17.9 хувь, нэг м3 хөнгөн бетоных 13.2 мян.төг буюу 8.8 хувь, палкных 1.0 мян.төг буюу 3.6 хувиар буурсан байна.

Түүнчлэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шалны хавтан, шаазан суултуур, цемент, тосон будаг зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ буурсан дүнтэй гарчээ.

Ugluu-logo