Шүүгдэгч П** нь 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн шөнийн 03:00-05:00 цагийн орчимд Т** аймгийн, Б** сум, Н** 1**р багийн нутаг дэвсгэрт байрлах ** айлын орон сууцны ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай (10 сар 28 хоногтой) эмэгтэй У**-г “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П-г бага насны хүүхэд болох У-г алсан үйлдэл тогтоогдсон байх тул шүүхээс П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв