Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ. 

Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙ-гоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлж байна. 

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ны хооронд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргасныг танилцууллаа. 

Тодруулбал дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд явагдана. Энэ удаад бүсчлэл байхгүй бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт тэгш, сондгойгоор явах шийдвэр үйлчилнэ.  

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Тээврийн цагдаагийн алба, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.