"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны өдөр /2024.01.17/ саатуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэднийг Эрүүгийн хуулийн 13.5 /Заналхийлэх/, 17.6 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зэрэг зүйл ангиар шалгаж байсан билээ. 

Тэгвэл "Мунзуй" хочит Г.Нямдоржид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Иргэн Г.Нямдорж нь өөрийн фэйсбүүк хаягаас нэр бүхий иргэний хаяг руу холбогдож “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн аж.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл: 

Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 1-5 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.