Намууд эхнээсээ даргаа сонгож шинэчилж эхлэж байна. Энэ нь Улс төрийн намын хуулиар намын дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотой юм . Сая А Н даргаа шинэчлэн сонгов.

Засгийн газарт байсан АН засаг огцорсонтой холбогдуулан намын дарга Лу.Гантөмөр нь огцорно гэж мэдэгдсэнээр энэ бүхэн болж өнгөрөв. Мөн Засгийн газар огцорсон учир МАН даргаа солих болсон. Яахав, “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн дүрмийн заалт байдаг учраас ингэх болоо биз. Заавал ч солих гээд байх юм байхгүй л дээ, уул нь. Дараалсан сонгуульд ялалт байгуулсан даргаа солих нь тийм ч чухал, аминд тулсан хэрэг биш юм. Гэвч солих холих дээрээ тулаад хэн намын дарга болох вэ гэсэн асуулт зөвхөн гишүүдийн дунд тогтохгүй нийгмийн дунд томоохон сэдэв болоод удлаа. Эрх барьж байгаа том намын дарга бол нийт монголчуудын хувь заяаны хэрэг болохоор тэр юм. За тэгээд МАН хуучин уламжлалаараа Удирдах зөвлөлөөсөө нэг хүний нэр гаргаад Бага хурлаасаа шууд сонгох бодлого барьж байсан биз. Гэтэл АН-ын даргын сонгууль гэж нэг “балай” юм болоод ингэх боломжгүй шахуу болгож байх шиг байна. Хэрэв ингэж сонговол захын АН- ын гишүүн “За тэр харав уу, яг л хуучин комунист арга барилаараа байгаа биз. Энэ нам шинэчлэгдэхгүй ээ” гэсэн улс төр өрнүүлээд унана. Намууд олон нийтийн санаа бодол дээр оршин тогтнодог. Тийм учраас ийм бодол санаа, ийм үзэл дүгнэлтийг хайхрахгүй орхиж болохгүй. АН даргаа сонгохдоо олон хүн нэр дэвшүүлээд, нэр дэвшигчдээ нээлттэй мэтгэлцүүлээд, хур алдаа оруулаад нууц санал хураалтаар сонгочихсон нь улс төрд ийм жишиг тогтооход хүрэв.

Ийм учраас МАН энэ жишгээр л намын даргаа сонгож таарах биз ээ. Энэ намын дарга бол бүх ард түмний хувь заяатай холбоотой гэж дээр дурдсан. Сөрөг нам ингэж байхад эрх барьж байгаа нам ингэхгүй бол олон нийтийн сэтгэл санаа урвахад хүрнэ гэдгийг зүтгэлтнүүд нь гадарлаж л байгаа. Иймээс хэнийг намын даргад дэвшүүлэхгүй вэ, хэнийг дэвшүүлэх вэ гэдэг л байна. Намын даргад нэр дэвших хамгийн эхний хүн бол мэдээж Г.Занданшатар байж таарна. Тэр бол намын дүрмийн заалт хангасан хүн. Ерөнхий сайд. Энэ хүний хажуугаар эрээвэр хураавар сулхан нэр дэвшигч гаргаж ирээд мэтгэлцүүлэн жүжиг тавиад “За манай Зандкаагаас илүү нь алга” гээд ярсхийтэл гараа өргөж болох юм. Айхтар хүчтэй өрсөлдөгч гаргаж түүнтэй үзүүлэх нь юу л бол.

Хэрэв хэвлэлүүдийн таамаглаж байгаа шиг УИХ- ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөх бол Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын дарга болоход их хэцүү. Бага хурлын гишүүд дундаа Д.Амарбаясгалан нэр хүнд өндөртэй. Яагаад гэвэл бараг бүх гишүүдийг тэр өөрөө гаргаж ирсэн шахуу. Ийм байхад хэн түүний эсрэг санал өгнө гэж. Д.Амарбаясгалан ногоон гэрлээр намын дарга болно. УИХ-ын дарга намын дарга байсан удаа энэ хоёр намд олон. М.Энхболд МАН- ын дарга УИХ-ын дарга байв. З.Энхболд УИХ-ын дарга АН-ын дарга байсан.

Ингэхлээр болохгүй юм байхгүй. Энэ бүгдээс эргээд харахад хэрэв дэвшвэл гээд байгаа шүү, МАН-ын дарга Д.Амарбаясгалан болох магадлал өндөр, бараг болчихсон гэсэн үг. Харин нэр дэвшихгүй бол нөгөө “органикаараа” гэдэг шиг Г.Занданшатар л намын дарга болно.

 

Ө.Тулга