Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ “Awe Dropping” уриан дор Калифорни мужийн Купертино хот дахь төв байрандаа зохион байгууллаа.

Энэ удаа тус компани шинэ iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбар, шинэ Apple Watch загварууд, шинэ AirPods чихэвч танилцуулжээ.

Шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдийн талаар товч мэдээллийг хүргэж байна.

 

AirPods Pro 3

Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь бүх (in-ear wireless) ижил ангиллын чихэвчнүүдээс хамгийн шилдэг “active noise cancellation” буюу гадна орны чимээг дарах системтэй болсныг Apple онцолжээ. Энэ чадвар нь өмнөх загвараасаа хоёр дахин сайжирсан байна.

Мөн Apple Intelligence хиймэл оюуны системд суурилсан Live Translation буюу хэл хооронд шууд орчуулах чадвартай болсон байна.

Тухайлбал ийм чихэвч зүүсэн хоёр хүн өөр өөр хэлээр хоорондоо саадгүй ярилцаж болох гэнэ.

Бас дасгалын үеэр хөлс болон уснаас хамгаалах чадвар нь өмнөхөөсөө сайжирч, зүрхний цохилт хэмжих шинэ боломжийг нэмжээ.

AirPods Pro 3 бүтээгдэхүүний үнэ $249.

 

Apple Watch Series 11

Ухаалаг бугуйн цагны шинэ Series 11 загварын эх биеийн зурагдалтыг тэсвэрлэх чадвар өмнөхөөсөө хоёр дахин нэмэгджээ.

Өнгөрсөн зургаадугаар сард танилцуулагдсан “Liquid Glass” (шингэн шил) дизайнтай шинэ үйлдлийн систем бүхий энэ бүтээгдэхүүн нэг цэнэглэлтээр 24 цаг ажиллах батарейн багтаамжтай юм байна.

Үнийн хувьд $399-өөс эхлэх гэнэ.

 

Apple Watch SE 3

Ухаалаг бугуйн цагны хямд хувилбар болох SE 3 нь үргэлж асаалттай дэлгэц, нэг цэнэглэлтээр 18 цаг ажиллах батарей, 5G сүлжээний холболттой болжээ.

Өмнөх загвараасаа хоёр дахин богино хугацаанд цэнэглэгддэг болсныг Apple онцолсон байна.

Apple Watch SE 3 загварын үнэ $249-өөс эхлэх ажээ.

 

Apple Watch Ultra 3

Шинэ Ultra 3 загвар нь өмнөх бүх Apple Watch бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн том дэлгэцтэй болж байгаагаараа онцлог.

Үргэлж асаалттай дэлгэцтэй ч энэ нь батарейн ашиглалтын хугацаанд нөлөөлөхгүй. Нэг цэнэглэлтээр 42 хүртэл цаг ажиллах батарейн багтаамжтай бөгөөд хиймэл дагуулд холбогдох чадвартай болжээ.

Apple Watch Ultra 3 загварын эхлэх үнэ $799.

 

iPhone 17

Хамгийн энгийн iPhone 17 загвар нь зурагдалтаас хамгаалагдсан Ceramic Shield 2 технологийн шил бүхий 6.3 инчийн дэлгэцтэй, Apple Intelligence хиймэл оюуны системийг ажиллуулах чадвартай A18 Apple Silicon чиптэй бүтээгджээ.

Лаванда цэцгийн, манан цэнхэр, хар, цагаан, цайвар ногоон өнгөнүүдийн сонголттой iPhone 17 хувилбарын эхлэх үнэ $799.

 

iPhone Air

Бүх цаг үеийн хамгийн нимгэн, хамгийн их эрчим хүчний хэмнэлттэй iPhone гэж танилцуулагдсан iPhone Air загвар ердөө 5.6 мм-ийн зузаан эх биетэй.

Хэдийгээр ийм нимгэн ч урд болон ар тал нь Ceramic Shield технологийн бат бэх материалаар бүрхэгджээ. Мөн ийм нимгэн эх биед нүүрний болон арын камер, чанга яригч зэргийг багтаахдаа “plateau” гэгдэх шинэ технологийг ашигласан гэнэ.

iPhone бүтээгдэхүүний гадна хэлбэрт томоохон өөрчлөлт авчирсан iPhone Air загвар гүн хар, үүлэн цагаан, цайвар алтлаг, тэнгэрийн цэнхэр өнгөнүүдийн сонголттой $999-өөс эхлэх үнээр худалдаанд гарах юм байна.

 

iPhone 17 Pro

Уламжлал ёсоор “хамгийн хүчирхэг чиптэй” iPhone 17 Pro загвар хэмжээгээрээ ялгагдах “Pro” болон “Pro Max” хоёр хувилбартай бүтээгджээ.

Шинэ загварын камерын систем нь мэргэжлийн түвшний найман төрлийн дуранг таны халаасанд багтаах гэнэ. Энэ загварын арын гурван камер 48 мегапиксел багтаамжтай болсон нь iPhone-ий түүхэнд анхны тохиолдол юм. Шинэ камерын мэдрэгчийн хэмжээ өмнөх загварынхаас 56 хувиар томорсон тул илүү тод, илүү өнгөлөг зураг авдаг юм байна.

Өчигдрийн арга хэмжээний албан ёсны бичлэгийг iPhone 17 Pro загварын камераар хийснийг Apple мэдээлжээ.

Pro загварууд нь гүн цэнхэр, мөнгөлөг, сансрын улбар шар гурван өнгөний сонголттой байх бөгөөд үнэ нь $1,099-өөс эхлэх юм байна.

Эх сурвалж: Business Insider