2025-2026 оны хичээлийн жилд сурах бичгийн хүртээмж асуудал болоод байна. 

Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суух суралцагчийн тоо их байхад хуваарилагдсан сурах бичиг хүрэлцэхгүй байгааг эцэг эх, багш нар хэлж буй юм. Зарим анги сурах бичгээ хуваарилахдаа сугалаа сугалуулсан явдал ч гарав.

Олон нийтийн сүлжээнд өрнөж буй энэ асуудлаар өнөөдөр Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас мэдээлэл өглөө.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сургуулийн номын сангаараа дамжуулан төлбөртэй ашигладаг. Ингэхдээ зорилтот бүлгийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй ашиглуулна.

Энэ хичээлийн жилд

  • Нэгдүгээр ангид 80,000,
  • Хоёрдугаар ангид 24,000,
  • Гуравдугаар ангид 24,000,
  • Дөрөвдүгээр ангид 23,000,
  • Тавдугаар ангид 22,000 багц сурах бичгийг ашиглана.
2-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийслэл болон аймгуудад хүргэсэн. Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт хүргэсэн бөгөөд бусад сурах бичгийг энэ долоо хоногт бүрэн хүргэж байгаа.

Дунд, ахлах ангийнхны хувьд Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2.1-20.2.7-д хамаарах хүүхдүүд үнэ төлбөргүй, түрээсээр болон худалдан авч сурах бичиг ашиглах гэсэн гурван боломж бий.

Нэг ангид цөөн тооны сурах бичиг хуваарилагдсан тохиолдолд сугалаагаар шийдэж болохгүй. Сугалааны цаана бүтэн өнчин хүүхэд, асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүд хоцорч, үнэ төлбөртэйгөөр ашиглахаас өөр аргагүйд хүрвэл яах вэ гэдэг асуудал гарна. Иймд тэдгээр сургуульд зөвлөн тусалж, зорилтот бүлгийн хүүхдүүдээ эхлээд тодорхойлон үнэ төлбөргүй ашиглуулах ёстойг хэлж байгаа. Дараа нь байгаа нөөцдөө суурилж түрээсээр ашиглуулах боломжоо гаргана" гэлээ.

2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 351,216 багц сурах бичиг ашиглагдсан нь сурагчдын 80 хувийг сурах бичгээр хангасан гэсэн үг аж. 

Сурах бичгийн ашиглалтын хугацаа дөрвөн жил бөгөөд КОВИД-19 цар тахлын үе таарч, ашиглагдаагүй өнжсөн учраас 2019-2020 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийн ашиглах хугацааг хоёр жил сунгасан байна. Уг хугацаа энэ жил дууссан бөгөөд 47 хувийг нь актлаад байгааг БЕГ-аас мэдээлэв.

Хуулийн заалт:

Нийгмийн халамжийн тухай хууль

20.2.Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

20.2.1.энэ хуулийн З.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;

20.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;

20.2.3.бүтэн ба хагас өнчин хүүхэд;

20.2.4.гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;

20.2.5.төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд;

20.2.6.хорих ангиас суллагдсан хүүхэд.

20.2.7.энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.