И.Хуантай, С.Бахитжан нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт мод тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч И.Хуантай, С.Бахитжан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож. Шүүгдэгч тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатын шүүхийн шийдвэр хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага нь тохирсон байна гэх дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.