Засгийн газар “Шинэ итгэл-Шинэтгэл”-д зорьж байна
3 цагийн өмнө
Г.Занданшатарын Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоног болж байна. Лхагва гараг бүр Засгийн газар хуралдаж, сайд нар голдуу мэдээлэл хийдэг байсан.
Тэгвэл шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг хоёр сайд гэж онцлохоос илүү танхимаараа гарч ирж сэтгүүлчдэд ил тод мэдээлэл хийх нь бараг жишиг болж байгааг харахад сайшаамаар.
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мөн л Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нартайгаа Засгийн хуралдааны талаар болон өнгөрсөн 100 хоногт ямар ажилд зорьж юуг хийсэн, ирэх таван жилд ямар чиг замыг сонгох бодлогынхоо зах зухаас танилцуулав.
Юуны өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар товч мэдээлэл өгсөн. Өчигдрийн хуралдаанаар ирэх таван жилд улс орныг хөгжүүлэх бодлогын үндсэн чиглэл болох Шинэ итгэл-Шинэтгэл”-ийн төслийн талаар Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдээс гарсан саналыг тусган, холбогдох хууль болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эцэслэн боловсруулж, ирэх аравдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Төсөлд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн “Шинэ итгэл-Шинэтгэл”-ийг гол зорилгоо болгон Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, Засаглал, Бүсийн хөгжил, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи гэсэн найман бүлгийн хүрээнд “Хүний хөгжлийн түвшнийг нэмэгдүүлнэ”, “Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ”, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлнэ”, “Нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ”, “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална”, “Байгаль орчны тогтвортой байдлыг хадгална”, “Зөв засаглалын үзүүлэлтийг нэмэгдүүлнэ”, “Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгана”, ”Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн үндэсний арван зорилтыг тодорхойлоод тэдгээрийг хангах салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнгүүдийг тусгажээ.
“Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталсан байна. Мөн "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгожээ.
Мөн энэ үеэр салбарын сайд нар байр сууриа илэрхийлсэн.
Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Э.Батшугар:
-Бид цахим үйлчилгээний тоог өсгөх, технологи нэвтрүүлэх, цаасан үйлчилгээг цахим болгоход анхаарч байсан бол Digital First бодлогоор бид Төр Иргэн Хуулийн этгээдийн бүх оролцоог хангасан аливаа шийдвэр гаргах, үйлчилгээ, үйл ажиллагаа нь “Цахим анхдагч байх зарчмыг дэвшүүллээ. “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа. Төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой. “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалга нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан цахим шилжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим болох юм” гэв.
Засгийн газрын 100 дахь хоногийнхоо босгон дээр сэтгүүлчидтэй уулзсан Ерөнхий сайд одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн өнгийн талаар ингэж ярив.
“Дайн болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад манай экспорт 15 хувиар буурсан. Вальютын нөөц хасах руугаа орох хэмжээнд болчихсон. Инфляци өсчихсөн, Улаанбурхан өвчин дэгдчихсэн үе байсан. Харин бид шийдвэртэй арга хэмжээ авч нэн яаралтай төсвийн хэмнэлтийн тодотголыг УИХ-д өргөн барьж шийдвэрлэснээр болзошгүй хямралаас сэргийлж, Эдийн засгийн өсөлт 5,6 хувь болж чадлаа. Валютын нөөц 5,7 тэрбум төгрөг болж өслөө. Олон Улсын байгууллагууд манай төсвийн тодотголыг өндөрөөр үнэлж, зээлжих зэрэглэл B+ ангилалдаа хэвээр үлдлээ. Мөн төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлж, үргүй зардлуудыг хэмнэлээ” хэмээн онцлов.
Засгийн газраас энэ жил анх удаа есдүгээр сарын 1-нд Төсвийн хуулийн дагуу ирэх оны төсвийг өргөн барьсан. Энэ төсвийг анх удаа иргэдээс саналыг нь авч тусгасан, хүний хөгжлийг дэмжсэн, үргүй зардлыг үгүй хийсэн, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарыг голлон анхаарсан хэмээн Ерөнхий сайд танилцуулахдаа ч хэлж байсан. Тэгвэл бодлогын хувьд ч мөн эрүүл мэндийн салбарыг ихээхэн анхаарч, Хавдрын эмнэлэг барих, түргэн тусламжийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг хөрөнгө оруулалтын голдуу төслүүдийг оруулж ирсэн.
Өөрөөр хэлбэл, ажлаа аваад 100 хонож байгаа Ерөнхий сайдын хувьд хүндхэн цаг үед хэцүүхэн Засаг хүлээж авсан тухайгаа тэр тусмаа нүүрсний үнэ унаснаас тэр чигээрээ эдийн засаг нь нэг улсын экспортоос шалтгаалдаг улсад хүндхэн үеүдтэй нүүр тулж байсан тухай, ойрын үед валютын ханш ч дахин савлах эрсдэлтэй байгаа зэргээр нөхцөл байдлыг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэлсэн үгийг агуулгаар нь товчилбол:
-Төсвөөс 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагаас танаж чадсан. Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг, нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг, хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн.
-Дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоогоод байна. Үүнийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ хамтран ажиллалаа.
-Төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг ч эхлүүлэв. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдлээ.
-Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Данхар төр биш, чадварлаг төр” гэдэг зарчмаар агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлсөн.
-357 сая тонны нөөцтэй зэсийн орд шинээр илэрсэн.
-Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа.
-Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ хоёр сая төгрөгийн буцаалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвийн шинэчлэл юм гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
SHINELEG SEKSYGEER SEKSYGEER UILCHLEX80955877