Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар НДШ төлсөн ажиллагчдын 50% нь 2.4 сая төгрөгөөс бага цалинтай байна
2 цагийн өмнө
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 54.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 830.8 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.2%) мянга, өмнөх улирлаас 743 (1.4%)-аар тус тус өсөж, НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 43.4 (5.5%) мянгаар, өмнөх улирлаас 19.2 (2.4%) мянгаар мөн өсжээ.
Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчид 5.4 (11.5%) мянгаар нэмэгдсэн нь, харин өмнөх улирлаас өсөхөд барилгын болон уул уурхайн салбарынх 9.1 (6.1%) мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Улсын хэмжээнд 2025 оны 2 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 728 мянган төгрөг, голч цалин 2 сая 356 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 468 мянган төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 105.9 (4.0%) мянгаар нэмэгджээ.
Бодит цалингийн индексийг 2025 оны 2 дугаар улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад цахилгаан, хий, уур, агааржуулалт; олон улсын байгууллага, суурин төлөөлөгч; санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа; хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа; ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарынх 1.9-14.8 хувиар буурч бусад салбарынх 0.6-9.6 хувиар нэмэгджээ.
Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 26.3 хувийг, 660.0 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн бага буюу 2.9 хувийг эзэлж байна.