“THE MONGOL KHAN” ЖҮЖИГТ СОЁЛЫН ЯАМААР ДАМЖИЖ ТӨСВӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРААГҮЙ –

 УИХ-ын гишүүн Ч.Номинтой ярилцлаа.


-“The Mongol Khan” жүжгийн сурталчилгаанд төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэж та өмнө нь мэдэгдсэн. Гэтэл “Төрөөс мөнгө гаргасан баримт нь энэ” гээд Б.Энхбаяр гишүүн баахан цаас дэлгэлээ. “Эрдэнэс Оюу толгой”-гоор дамжуулаад “The Mongol Khan” жүжгийн сурталчилгаанд 7 тэрбумыг зарцуулчихсан юм биш үү?

-Намайг сайдаар ажиллаж байх үед Соёлын яамны зүгээс “The Mon­gol Khan” жүжигт зориулж ямар нэгэн санхүүжилт гараагүй. Б.Энхбаяр гишүүн хариуцлагатай алба хашиж явсан хүн. Хууль зүйн сайд байсан хүн сургаар, огт нягталж үзэхгүйгээр хариуцлагагүй мэдэгдэл хийчихлээ л гэж харж байна. Засгийн газар “The Mongol Khan” жүжигт ганц ч төгрөг зарцуулаагүй. Соёлын яамны тухайд “The Mon­gol Khan” жүжгийн хүрээнд албан бичиг гаргаж өгөх, зарим нэг уулзалтыг товлож өгөх гэх мэт бодлогын дэмжлэг л үзүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл Англид айлчлахдаа “The Mongol Khan” жүжигтэй холбоотойгоор жүжиг тавигдах театрын удирдлагуудтай уулзах гэх мэтээр дэмжлэг үзүүлж байсан.

-Б.Энхбаяр гишүүний нэрлэсэн гадны компани мэдэгдэлдээ “Гадаад харилцааны яам, E-Mongolia-тай хамтарч Монголыг сурталчлах ажил хийсэн” гэсэн агуулгатай зүйл онцолсон байсан. Гэтэл Гадаад харилцааны яам, E-Mongolia үүнийг нь үгүйсгэсэн мэдэгдэл хийчихлээ.

-Та Монгол Улсын Засгийн газраас “Atti­cus partner”-тай хамтарч ажилласан талаар хөндлөө. Энэ талаар “Эрдэнэс Оюу толгой”, “Atticus partner”-аас тодруулах нь зүйтэй байх.

“Atticus Partner” гэх мэт олон улсын коммуникаци хийдэг байгууллагатай улс орнуудын Засгийн газар болгон хамтарч ажилладаг. Тэр хүрээнд л хамтарч ажилласан байх. Энэ байгууллага Засгийн газартай хамгийн эхлээд Оюу толгойн өрийг тэглэхэд хамтарч ажилласан гэж ойлгосон. Цаашлаад Засгийн газартай өрнүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд Засгийн газрын бүх гишүүдтэй хамтарч ажиллаж байсан газар. Засгийн газрын гишүүдийн тухайд олон улсын томоохон арга хэмжээнд оролцоход мэдээллээ зөв бодитой хүргэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллаж байсан компани.

-Тэгвэл “Atticus Partner”-тай хийсэн гэрээг яагаад нууцад авсан юм бэ?

-Лав л Соёлын яамтай холбоотой гэрээ ямар нэг нууцад хамрагдаагүй, ил байгаа. Соёлын яамны хийсэн бүх гэрээ Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжид нийцэж хийгдсэн гэдгийг энэ дашрамд онцолж хэлье.

-Та түрүүн “Atticus Part­ner” засгийн газрын бүх гишүүдтэй хамтарсан гэлээ. Жишээ нь, Соёлын яамтай хамтрахдаа “The Mongol Khan” жүжгийг дэмжчихсэн юм биш үү?

-ОХУ-ын Эрмитаж музейд байх Ноён уулын олдвор Монголд буцаж ирэх ёстой гээд уулзалтууд өрнүүлж явсан үедээ дэмжлэг авсан юм. Хойд хөршийн Соёлын сайдтай уулзахдаа буцааж авах хүсэлт тавьчихсан байсан цаг. Английн Засгийн газраас яг энэ асуудлаар дэмжлэг хүсэх зорилгоор Англид очсон юм. Тэгж очих үедээ холбогдох хэд хэдэн сайдтай уулзсан. Бас тус улсын хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсын өвийг ОХУ-аас татан төвлөрүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн агуулгаар ярилцлага, мэдээлэл өгсөн. Ийм л хүрээнд дэмжлэг авсан тал бий. Түүнээс биш Монгол Улсын Соёлын яам “Atticus partner”-ын хамтын ажиллагаа “The Mongol Khan” жүжигтэй ямар ч хамаагүй.

-Та бид хоёрын ярианы энэ өнцөг “Go Mongolia”-тай шууд холбогдоно. “Go Mongolia” Монголд яг юу өгсөн бэ, тэр их мөнгөний зарцуулалт хаашаа орчихов гэх мэт хардлага хөвөрч байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-“Go Mongolia” бол Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлсэн амжилттай, үр дүнгээ шууд өгсөн том төсөл. Соёл, аялал жуулчлал, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хамгийн том бодлого. Ганцхан үр дүнг нь онцолъё. Ковидын өмнө 500 мянган жуулчин хүлээж авдаг байсан аялал жуулчлалын салбар ковидын дараа буюу 2022 онд 200 мянган л жуулчин л хүлээж авсан. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож ажиллахдаа “Go Mongolia” брэндийг үүсгэж, олон улсын сурталчилгаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Үр дүнд нь 2024 онд түүхэн дээд хэмжээ буюу 808 мянган жуулчин Монголд ирж, эдийн засгийн эргэлтэд ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларыг оруулж байлаа. Монгол төгрөгт шилжүүлбэл зургаан их наяд давсан том тоо гарна. УИХ өнөөдөр 30 их наядын төсөв хэлэлцэж байна. Тэгэхээр зөвхөн аялал жуулчлалын салбар улсын төсвийн 20 орчим хувьтай дүйцэхүйц эдийн засгийн эргэлтийг бий болгосон гэсэн үг. “Go Mongolia”- гийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан учраас ийм том үр дүн гарсан.

-Олон улсын байгууллагууд гэдгээ тодруулж нэрлэх үү?

-Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edel­man, мөн түүний сувгаар National Geographic, Time Magazine, CNBC, БНХАУ-ын 400 сая хэрэглэгчтэй аяллын платформ Trip.com зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан. Үр дүн нь ч тодорхой гарсан. BBC 177 сая, CNN 270 саяд хүрсэн бол хөлбөмбөгийн баг Fulham 215 сая хүнд манай улсыг сурталчилсан. Ингээд харахаар олон улсын байгууллагуудтай хамтарч Монголоо сурталчлах ажил маань 670 сая гаруй хүнд хүрсэн.

-Эдгээр байгууллагатай хэчнээн төгрөгийн гэрээ хийж ажилласан бэ?

-2023–2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан. Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг.

-Таныг Соёлын сайд байхад энэ бүх мөнгө гарсан уу?

-Намайг сайдаар ажиллаж байх хугацаанд үүнээс 2.1 сая ам.долларыг л төлсөн. Зарим гэрээний гүйцэтгэл гараагүйгээс гадна хэд хэдэн жил дамнан хэрэгжих дунд хугацааны стратегийн гэрээ байсан юм.

-BBC, CNN-тэй гэрээ хийхдээ яг тарифаар нь хийсэн үү. Хөнгөлөлттэй үнээр хийлгэсэн үү?

-Олон улсын жишигтэй харьцуулахад маш бага төсвөөр, маш үр дүнтэй хамтран ажилласан. Бид Монгол Улсын нөхцөл байдал, эдийн засгийн бодит боломжийг ойлгуулж чадсан учраас маш бага үнийн дүнгээр гэрээ байгуулсан. Ер нь улсаа сурталчлан таниулахгүйгээр, маркетинг хийхгүйгээр, Монголын нэрийг олон улсад хүргэхгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй. Өмнө нь Монгол Улсыг олон улсад сурталчлах ажил ийм далайцтай хийгдэж байгаагүй учраас шинэ ойлголт болж байна л даа. Хувийн нэг компани байлаа гэж төсөөлье. Борлуулалтаа хийхийн тулд маркетингдаа хөрөнгө оруулж байж тэр компани орлого олно. Энэ бол зах зээлийн хууль.

-Аялал жуулчлалын салбар 2024 онд үнэхээр тэсрэлт хийсэн шүү. Тэр тэсрэлт жирийн малчны орлогод ч эерэгээр нөлөөлсөн. Солонгос жуулчид гэхэд гайхмаар олуулаа ирж байсан. Таны яриаг сонсохоор “Go Mongolia”-д зарцуулсан мөнгийг “The Mongol Khan” жүжигт хамаатуулж улстөржөөд байгаа юм байна?

-Та сая их гоё онож хэллээ. 800 мянган жуулчин ирсэн жил жирийн малчин айлын орлого хүртэл өссөн гэж. Ийм өндөр өгөөжтэй, илэрхий том үр дүнтэй “Go Mongolia”-г хаа хамаагүй жүжигтэй холбож улстөржүүлж буйд харамсаж байна. “Go Mongo­lia” бол цаашид ч хэрэгжээд явах учиртай төсөл. Бид урт хугацаанд олон улсад Монголоо сурталчлан таниулж байж илүү том үр дүнг мэдэрнэ. Дэлхийн бүх улс ийм аргаар өөдөө цойлдог. Хамгийн тод жишээ гэхэд л монголчууд олноороо зорьдог болсон Вьетнам байна. Энэ улс жилд арван сая ам.долларыг зөвхөн гадаад сурталчилгаандаа зарцуулдаг. Дэлхийн улс орнууд дунджаар гадаад сурталчилгаандаа жилд 10-100 сая ам.долларыг жилд зарцуулдаг гэсэн статистик бий. Үүнтэй харьцуулахад Монгол Улс маш бага санхүүжилтээр бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд улсаа сурталчлах гэрээг олон улсын том байгууллагуудтай хийж, амжилттай хамтарч ажилласан.

-“Go Mongolia”-гийн Монголд үзүүлсэн өөр том нөлөөнүүдийг жишээ баримттайгаар сонирхуулаач?

-Монгол Улсын гадаад сурталчилгаанд зарцуулсан 1 ам.доллар тутамд 800 орчим ам.доллар, өөрөөр хэлбэл, 3500 төгрөг тутамд 2 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосон. Зочид буудал, жуулчны бааз, ресторан, бар, такси, аяллын компаниуд, хөдөө орон нутгийн малчид, гар урлал эрхлэгчид гээд бүх салбар, иргэдэд өгөөжөө өгсөн бодит үр дүнтэй төсөл бол Go Mongolia. Үүнээс гадна “Go Mongolia” Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлсэн төсөл. Улсын “зөөлөн хүчний индекс” буюу соёл, дипломат харилцааны үзүүлэлт 14 байр урагшилсан. Мөн зарим индексүүд сайжирч, Монгол Улсын зээлжих зэрэглэл дээшилсэн. Бид өөрсдийнхөө, эх орныхоо сайн сайхныг дэлхийд түгээж байж л бусад улс орон биднийг ойлгоно гэдгийн тод жишээ нь энэ л дээ.Орчин үеийн олон улсын харилцаа гэдэг зөвхөн улс төр, дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй, иргэд хоорондын ойлголцол, бизнес хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээг хамардаг ойлголт болсон. Соёлын дипломат харилцаа, үндэсний сурталчилгаа гэдэг нь өнөөдөр улс хоорондын хамгийн чухал өрсөлдөөний талбаруудын нэг болчихлоо. Бусад улс орон өөрийн соёл, түүх, өв уламжлал, үндэсний онцлог, брэнд имижээ дэлхий нийтэд идэвхтэй түгээж байна. Монгол Улс ч үүнээс хоцрох ёсгүй.

-Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой ийм илт асуудлыг Хууль зүйн сайд байсан хүн мушгин гуйвуулж улстөржчихөөр дэлхийд бид яаж харагдах бол гээд яривал олон эрсдэл байх шиг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс гадаад харилцаагаа хүчтэй хөгжүүлж байж л ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө бэхжүүлж чадна. Ингээд харахаар гадаад харилцаа бол огт улстөржүүлж болохгүй сэдэв. Таны хэлсэнчлэн Хууль зүйн сайд байсан хүн гадаад харилцаатай холбоотой мэдээллийг нягтлахгүйгээр, улстөржүүлж мушгиж мэдэгдэл хийх нь алсдаа хор хөнөөлтэй. Гадаад харилцааны асуудлыг энэ мэтээр эш мухаргүй улстөржүүлээд байвал Монгол Улстай хамтарч ажиллах байгууллага олдохгүй. Олон улсын том байгууллагатай хамтарч, гадны том хөрөнгө оруулалт татах гэх мэт ажил хийхэд улам л хэцүү болно.

-УИХ дахь танай намын бүлэг өчигдөр бүлгийн даргаа огцруулж, дэд даргаараа удирдуулж байгаад баахан шийдвэр гаргачихлаа. Ингэхэд танд болоод хуралдаа суугаагүй гишүүдэд тэр хурлын зар очсон уу?

-Надад лав УИХ дах МАН-ын бүлгийн хэсэг гишүүдийн нийлж хийсэн тэр хурлын зар ирээгүй. Хуралд суугаагүй зарим гишүүн “зар ирээгүй” л гэж байна.

-Энэ хурлын талаар байр сууриа илэрхийлээч?

-Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах хэмжээний юм боллоо л гэж харж байна. УИХ дахь нэг намын бүлгийн санаа нэгтнүүд нь нийлж байгаад нууцаар хурал хийж таалагддаг хүнээ даргаараа сонгочихлоо шүү дээ. Ардчилал, ардчилсан парламент гэдэг чинь зөвшилцдөг, хэлэлцдэг нийтээрээ шийдвэр гаргадаг байгууллага. Өнөөдөр МАН-ын бүлэг дээр ийм явдал боллоо, цаашлаад УИХ дээр ийм явдал болвол яах вэ. Энэ явдлыг айдастай хүлээж авч байна.

 

А.ДУЛАМ