“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймгаас эхэллээ
2014/01/08
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосноо өнгөрсөн пүрэв гарагт зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн албан ёсны нээлтийг энэ сарын 06-ны өдөр Монгол Улсын хоймор нутаг Сэлэнгэ аймагт хийлээ.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Санжжав, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Эрдэнэчимэг болон албан бусад хүмүүс оролцсон.Эрүүл мэндийн салбарынхан зорилтот жилийнхээ нээлтийг хувьсгалчдын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн нь тохиолдлын зүйл биш юм. Шинэ оны өмнөхөн Монгол Улсын анхны дөрвөн ихэр хүүхэд энэ нутгаас мэндэлсэн нь “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” үйлсийг тус аймгаас эхлүүлэх чухал шалтгааны нэг болсон гэдгийг салбарын сайд онцлов.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ, “Эрүүл мэндийн яам 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон тэмдэглэхээр нээлтийн ажиллагаагаа танай аймагт хийж байгаадаа баяртай байна. Өнгөрч буй 2013 оныг бид амжилт бүтээл арвинтай үдлээ. 2013 оны эхний 11 сарын байдлаар 73075 эх төрж, 73445 нярайг эсэн мэнд төрүүллээ. 12 сарын төрөлтийг оруулахад 79000 орчим эх төрсөн байна. 1990 онд 73209 эх төрж байсан бол сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил байлаа. Төрөлт 6,9 хувиар өссөн. Үндэсний статистикийн хорооноос 2013 оныг хүн амын өсөлтийн оргил үе явж байна гэж тэмдэглэсэн. Өнгөрсөн онд хүн амын нийт нас баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 промиль, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 промилиэр тус тус буурсан.
Монгол улс Мянганы хөгжлийн 4, 5 дахь зорилтын 2015 оны түвшинд хүрсэн нь том амжилт гэж үзэж байна. Гэхдээ бид энэ амжилтаа тогтвортой байлгах, цаашид хөгжингүй орнуудын түвшинд хүртэл бууруулах зорилт тавьж ажиллана” хэмээв.
Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн, “2014 онд бид гурван том зорилтыг тавьж байгаа. Эхнийх нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжинэ. Хоёрт, Бүх нийтийг цусны даралтын талаар мэдлэгтэй болгоно. Энэ ажлын хүрээнд аймаг, сум, дүүрэг, өрхийн эмнэлэг бүрийг цусны даралт хэмжих аппаратаар хангана. Ингэснээр гэртээ цус харвадаг байдлыг таслан зогсоох болно. Цусны даралт нь ихэссэн хүнийг эмчлэх амархан, цус харвасан хүнийг эмчлэх тун хэцүү. Тиймээс бид урьдчилан сэргийлэх талын арга хэмжээг авч эхэлснээр зүрх, судасны өвчнөөр нас бардаг тохиолдлыг 30 хувиар бууруулж чадна. Гуравт, Элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлнэ. Энэ өвчин олон шалтгаанаар үүсдэг. Ихэвчлэн та бидний амьдралын буруу дадлаас болж байна. Энэ онд элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг бүх нийтэд хийхийг зорьж байна” гэлээ.
Сэлэнгэ аймаг “Эх, хүүхдэд ээлтэй аймаг” болох амлалт өглөө
Сэлэнгэчүүд 2014 онд “Эх, хүүхдийн эрүүл мэнд - Эх орны эрхэм баялаг” уриа дор ажиллахаар төлөвлөсөн байна. Үүний эхний арга хэмжээ болох “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил-2014” зөвлөгөөнийг хийлээ. Хоймор нутгийнхан эрүүл мэндийн салбарынхны зорилтыг сайшаан, ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уг зөвлөгөөнөөс харагдаж байлаа. Тус зөвлөгөөнд 17 сум, 6 тосгодын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагч, эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч нар оролцож, бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 2014 онд “Эх, хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавин ажиллахаа энэ үеэр амалсан.
Эрүүл эхээс эрүүл хүүхэд мэндэлж, эрүүл хүүхдээс эрүүл иргэд төлөвшин, эрүүл иргэдээс улс орон хөгжинө. Ийм ч учраас аймгийн удирдлагууд эдийн засаг, нийгмийнг хөгжүүлэх үндсэн чиглэлийнхээ гол цөм болсон эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулахаа хэлж байлаа.
Сэлэнгэ аймагт өнгөрсөн онд эхийн эндэгдэл гараагүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас 5,9-6,4, аймгийн дунджаас 7,6-7,7 промилиэр бага байгаа гэсэн дүн гарсан байна.
Тус аймагт эрүүл мэндийн салбарт нийт 1000 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас их эмч 160, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 483, бусад 447 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 17 сумынхаа эмнэлгүүдийг Цагааннуур, Хөтөл, Мандал, Ерөө гэсэн дөрвөн бүсээр бүсчилж, гурван сумыг нөхөн үржихгүйн жишиг сум болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцуулсан. Сумдын эмнэлгүүдэд тохиолддог дийлэнх бэрхшээл нь эмнэлгийн барилга, барилгын засвар, түргэн тусламжийн автомашин, цэвэр бохирын шугам, сүлжээний асуудал байлаа.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн амьсгалын замын өвчнөөр хэвтжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй долоо хоногт тогтмол нэгнээс хоёр удаа телемедицин буюу зайн оношилгооны сүлжээгээр холбогдож, зөвлөгөө авдаг гэлээ. Өнгөрсөн жилд хэд хэдэн ургийн гажгийг илрүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлжээ.
20 ортой Халдвартын эмнэлэгтэй боллоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сэлэнгэ аймагт ажиллах хугацаандаа Баянгол, Жавхлант сумдын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын яамны 2013 оны ажлын тайланг товч танилцуулсан. Тус аймагт сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон байна. Энэ нь нөгөө талаараа сүрьеэ өвчний илрүүлэлт сайжирсантай холбоотойг ч мэргэжлийн хүмүүс хэлсэн. Дэд бүтэц сайн хөгжсөн ч үүнийгээ дагаад осол гэмтэл гарах тохиолдол нэмэгджээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сэлэнгэ аймгийн 20 ортой Халдвартын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хоёр жилийн өмнө шаваа тавьж байсан уг эмнэлэг нь стандартад бүрэн нийцсэн, жишиг эмнэлэг болж байгаагаараа онцлогтой гэдгийг аймгийн эрүүл мэндийн газрын дарга хэллээ.
Хүүхдийн сувилалтай цорын ганц аймаг
21 аймгууд дундаасаа цорын ганц гэж хэлж болохоор хүүхдийн сувилалтай аймаг бол Сэлэнгэ. Анх аймгийн Засаг даргын 1992 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 47 тоот захирамжаар 15 хүний орон тоотой, 24 цагийн үйл ажиллагаатай хүүхдийн сувилалыг байгуулж байжээ. Одоогоор их эмч, сувилагч, асрагч, тогооч гээд 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 36 ортойгоор 24 цагаар хүүхдийг сувилан эрүүлжүүлэх байнгын үйл ажиллагааг явуулж байна.
Эмийн бус аргаар 1-5 хүртэлх насны суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран сувилж, хоол эмчилгээ, амин дэм, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон чийрэгжүүлэх зорилгоор бүх төрлийн иллэг, уламжлалт бариа засал, нар, агаар, усан эмчилгээг хийдэг. Нэг ээлжиндээ 30-36 хүүхдийг 45-60 хоног, шаардлагатай бол 90 хүртэл хоногоор сувилж, эмчлэхийн зэрэгцээ сургуулийн өмнөх боловсрол олгох, бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол хийж байгаа аж. Сүүлийн таван жилд 1200 гаруй хүүхэд хамруулсан нь 0-5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад нэлээд түлхэц болж байгааг нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хэлж байв. Гэвч тэдэнд тулгараад байгаа нэг асуудал нь барилга байгууламж болон санхүүжилт. Анх байгуулахдаа эрүүл мэнд биш боловсролын газрын санхүүжилтээр байгуулснаас болж тэднийг цэцэрлэгийн стандартаар ажиллахыг шаардах болжээ. Цэцэрлэгийн стандартаар ажиллаж эхлэвэл сувилал байх боломжгүй болох тул статусыг нь тодорхой болгож, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн.