Цахим орчинд түгээсэн цаг урагшлуулах талаарх мэдээлэл худал болохыг мэдэгдэж байна

Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1985 оноос өвөл, зуны цагийн хуваарьт албан ёсоор шилжиж байсан түүхтэй. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагаас есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн ням гараг хүртэлх хугацаанд орон даяар цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажил үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоож байсан. Дээрх шийдвэрийг 14 жилийн турш мөрдөж, 1999 онд хүчингүй болгосон байдаг.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2001 онд цагийн хуваарийг дахин сэргээсэн ч 2005 онд уг шийдвэрийг хүчингүй болгож байсан. Түүнээс хойш Засгийн газрын тогтоолоор 2015-2016 онуудад цагийн хуваарийг дахин мөрдөж эхэлсэн ч 2017 онд мөн л цуцалсан. Үүнээс хойш Монгол Улсын цаг урагшлуулах Засгийн газрын тогтоол шийдвэр гараагүй болно.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа өвөл, зуны цагийн хуваарьт шилжих, цаг урагшлуулах асуудлыг урьдчилан төлөвлөж, Олон улсын байгууллагад албан ёсоор жилийн өмнө мэдэгдэх, Олон улсын үүрэн холбоо, арилжааны банк, нислэг, жин хэмжүүрийн товчооны цагийн эталоны лабораторид мэдэгдэх зэрэг шат дараатай ажлууд хийгдсэний үндсэн дээр, Засгийн газрын тогтоол, шийдвэр гаргаж, Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цаг давтамжийн эталоны лабораторийн Монгол Улсын эталон цагаас нэгж дамжуулж буй лабораторийн цагийн синхрончлолд, цагийн тохиргоог хийдэг болно.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд гаргасан цаг урагшлуулах талаарх мэдээлэл нь худал болохыг үүгээр мэдэгдэж байна. Энэ асуудлаар ямар нэгэн байгууллага, иргэд худал мэдээллийг түгээхгүй байхыг анхаарна уу.