Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Ухаан худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж, гурван удаа санал хураасан ч дэмжигдсэнгүй.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулах үеэрээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Харбины гэрээг шалгахыг би дэмжиж байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр би үүнтэй холбоотойгоор саналаа илэрхийлсэн, тиймээс гэрээг нягтлах нь зөв гэж үзэж байна.

 

Харбины гэрээтэй холбоотой асуудлыг ярьж байгаа учраас Гашуунсухайт, Ганцмодын чиглэлийн түүхийг сайн судлах хэрэгтэй. Учир нь энэ нь танай намын хоёр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болдог.

 

Тодруулбал, 2014 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед гэрээ хийгдсэн, харин дараа нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед царигийг өргөсгөсөн асуудал гарсан. Энэ маргаан үргэлжилсээр байгаад, Хятадын талд 10 жилийн хугацаанд алдагдсан боломжийн өртөг үүссэн. Мухар төмөр зам тавьчихсан учраас одоо яаж холбох вэ гэдэг асуудал л яригдаж байгаа юм.

 

Тухайн үед ярьж байсан нөхцлөөсөө битгий дордуулаач гэж хэлмээр байна. Тавантолгойн асуудал, лиценз олгох гэрээ ч тухайн үед хийгдсэн байсан. Тэрийг болиулж, хоёр улсын Засгийн газар MCS гэдэг компанийн оролцоогүйгээр хоорондоо гэрээ байгуулсан ийм л тохиролцоо болсон.

 

Тухайн үед Туваан сайд, Алтангэрэл сайд нар бүгд оролцож ажилласан. Энийг нягтлаад шалгах бүрэн боломжтой. Энэ бол нууц зүйл биш. Зүгээр л нөгөө талдаа мэдэгдээд, УИХ-ын гишүүд танилцах боломжтой гэрээ юм. Харбины асуудлыг гаргаж ирж байгаа нэрийдлээр Ухаа худгийн асуудлыг хойшлуулах хэрэггүй гэж бодож байна.

Харбины гэрээг илүү сайн болгох боломж байгаа бол өмнөх гэрээг цуцалж болно. Ж.Баярмаа гишүүн таныг эдийн засгийн томоохон төслийг хөдөлгөхийг дэмждэг гэж боддог байсан. Бараг 20 жил гацсан төслөө дахиад гацаая гэж байгаа бол тэгье л дээ. Ирэх долоо хоногт оруулж ирээд л цуцалчихъя." гэв.