Шийдлийн эрэлд: Утаа & Ханиад томуу сургууль, цэцэрлэгийг хааж боохоор асуудал шийдэгдэх үү?!
2 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн айл бүхэнд л хүүхдүүд нь халуурч, бүлээрсээр шинэ долоо хоногтой золголоо. Гэтэл нийтээрээ шахуу хүрчихсэн энэхүү ханиадыг ЭМЯ-наас А хүрээний (H3N2) вирусны гаралтай хэмээн томъёолсон. Баасан гариг бүх нийтийн амралтын өдөр таарсан тул өрхийн эмнэлгүүд амарч байв. Дүүргүүдийн яаралтай хүлээн авах тасаг нь ачааллаа дийлсэнгүй. Түргэн тусламжийн төвд 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67%-иар өсчээ. Өчигдөр Тохиолдлын удирдлагын баг хуралдлаа хэмээн ЭМЯ нь мэдэгдсэн.
СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ХҮРГҮҮЛЛЭЭ хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг талцуулаад байна. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай учир ханиад томууны улирал бидэнд хийсч биш хэлж ирдэг. Тэгвэл үүнээс нэгэнт л ойлгомжтой тул яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авахад гол анхааралаа эрх баригчид анхаардаггүй вэ? гэх асуулт хариулт эрэн гарч ирж байгаа юм .Наад захын жишээ нь хүүхдийн эмнэлгийн орны асуудал. Жил бүр л ор байхгүй хүрэлцээ хүртээмж муу ачааллаа дийлэхгүй байна л гэдэг. Үүнийгээ эртхэн төсөвтөө суулгаж хүүхдүүддээ ээлтэй эмнэлгийн байр бариад өгчих талаар хэн ч ам нээдэггүй. Тэгсэн хэрнээ цэцэрлэг, сургуулийг нь хаая, цахимжуулахаа урьтал болгоно. Өнөө л хүүхдүүдийн эрүүл орчинд, сурч боловсрох эрхийг хааж бооно. Үгүй ядаж өрхийн эмнэлгүүдээ энэ оргил ачааллын үедээ харъяалал харгалзахгүй ойрхон байгаадаа бага насны хүүхдүүд ороод үзүүлээд уух эмээ бичүүлээд авах шийдэл бас байна. Амралтын өдрүүдэд өрхийн эмнэлгүүдээ ажиллуулахад л дүүргийн эмнэлгүүдийн яаралтай тасгийн ачааллаас үүрэлцээд асуудал басхүү нааштай шийдэгдэж болмоор.
Боловсролын байгууллага жилийн өмнө л сургуулийн хичээллэх хөтөлбөрийг баталдаг гэдэг. Гэсэн хэдий ч ханиад, томууны үеэр ЭМЯ нь цахимж, амралтаа наашаа цаашаа хөдөлгөх хэрэгтэй гэх. Энэ нь хүүхдийн сурах үйлсэд ямар их хор хохирол учруулж буйг хэн ч дурсдаггүй. Гэтэл ард нь хүүхдүүд хохироод үлддэг үүний горыг хүүхдүүд л үүрдэг. Коронагийн үеэр бүгдийг цахимцуулаад ямар үр дүнд хүрэв? хариуд нь хэдэн хүүхдүүд элсэлтийн шалгалтаа олигтой ч бэлдэж чадахгүй өгсөн олноороо л монгол хэл, бичгийн шалгалтыг тааруу өгсөн гээд цоллуулаад байсныг Боловсролын яам нь мартаагүй байлгүй дээ.
Одоогоор, Вирус судлалын тандалтын судалгаагаар Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж буй юм.
Нийслэл хотын утаа утгаа алдаад олон жилийн нүүрийг үзэж байгаа гэдгийг хэн ч мэднэ. Тэгсэн хэрнээ хэн ч багасгах, арилгах шийдлийн эрэлд явдаггүй. Зөвхөн сандал, ширээний тулаандаа л тун идэвхийлэн оролцдог гишүүдтэй. Тэд 126 болж бүл нэмсэн ч бахь байдгаараа намын хэрүүл, тэмцэл нь дуусашгүй болчихсон. Өвөлдөө утаатай утаанбаатартаа амьдардаг гэдгээ мартчихаагүй л байлтай. Шахмал түлшинд “ХОЁР ИХ НАЯД” төгрөг зарцуулсан байдаг. Энэ мөнгөөр арван дулааны станц барих боломжтой байжээ. Утаа гэж байгаа ч үнэн хэрэгтэй бид угаарын хийгээр амьсгалж уушгиа гэмтээгээд байгаа нь томууны вируст нэмрээс болоод байна. Өнгөрсөн өвөл шахмал түлшинд хүхрийн агууламж зөвшөөрөгдөх стандартаас 4-5 дахин их байгаа талаар нэлээдгүй л ярьсан. Гэвч бас л шийдлийн эрэлд хэн ч явахгүй байсар дахин өвөлтэй дөнгөж золгоод л хүүхдүүд ханиаданд дарлуулж, сурах эрхээ боомилуулах эхлэл нь тавигдав.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 20-р зуунд социализмийн цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр даа гэсэн пропаганда ОХУ-с явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ? Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд Тохиролын гэрчилгээ байгаа юу???, хэд дэх удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ? Монгол ардын намын дарга удирдлагууд… бүүр гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд…
Тиймээс ер нь цаашид жил бүрийн арванхоёрдугаар сарын нэгнээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр буюу Монголчуудын хэлдэгээр ес эхлээд 1 ес, 2 ес 3 ес 4 ес-д ЕБС-ийг амраагаад 5 ес буюу тавьсан будаа хөлдөхгүй, 6 ес буюу зураасан зам гарах үед хичээлийн хаврын улиралыг эхлүүлээд, хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгэн биш наймдугаар сарын нэгэнд эхлүүлдэг байвал ямар вэ? Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн компаниудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулья, үгүй бол хүүхдүүдийнхээ төлөө өвөл идэр есөөр 45 хоног хугацаанд амрааж байя…гэх гаргалгааг хэлэв.
Ер нь энэ мэтчлэн амьдралд ойр шийдвэр шийдлийг эртнээс гаргаж төлөвлөөд хүүхдүүдийн хичээл сургуулийг завсардуулахгүй, хоцрогдол үүсгэхгүй байхаар шийдмээр байна. Гэнэт л боловсролын яамандаа манайх ачааллаа дийлэхээ болилоо танайх хорь гэдэг баймааргүй байна, салбарын сайдуудаа.
Хүүхэд нь өвдвөл цалинтай чөлөө олго гэсэн шийдвэр гарсан нь зөвхөн төрийн албан хаагч нарт л үйлчилнэ. Хувийн ажилчдад бол ажлаас чөлөө олдохгүй учир хүүхдээ харж гэртээ суух ямар ч боломжгүй. Нөгөөтэйгүүр, сургууль, цэцэрлэгийг л амраах, цахимжуулахад улсын л сургууль хаагдана. Хувийнханд энэ шийдвэр нь мөн л үйлчлэхгүй.







Иргэн · 6 минутын өмнө
Хүүхдээ 21 цаг гэхэд унтуулж, гар утаснаас хол байлгаж, пиццa бургерээр биш шөлтэй устай хоолоор хооллоод, чихэр ундааг нь хоригловол дархлаа сайжирч ханиад томуу хүрэхгүй, хүрлээ ч хөнгөн хүрнэ шүү дээ эцэг эхчүүд ээ.