Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ. 

Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. Сонсголын эхэнд 26 гэрч ирснийг хурал даргалагч онцолсон юм.

Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжлэх юм. Өнөөдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судална.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: 2010 болон 2015 оны ТЭЗҮ, тодотголд Оюутолгой компанийн бус Онтрэ гоулд компанийн эзэмшлийн нөөцийн мэдээлэл ороод явж байна. Оюутолгой компани анхнаасаа өөрийн бус Онтэ-ийн талбайн геологийн нөөцийг ашиглах байдалтай явж байна.

2020, 2023 оны ТЭЗҮ-ийн нөөцийн тодотгол дээр хоёр өөр компанийн юмаа салга гэхэд салгаагүй байгаа учраас батлаагүй гэдгийг УУХҮЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр хэллээ.

Танай эзэмшлийн талбайг өөр компани ухах гээд ТЭЗҮ хийгээд байхад та нар яагаад зөвшөөрөөд байгаа вэ? 

"Онтрэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт: Онтрэ компани нь 10 ажилтнаас бүрддэг багахан аж ахуйн нэгж юм. Тиймээс бид уулын үйл ажиллагаа ялангуяа олборлолтын ажил гүйцэтгэх техникийн хүчин чадал хомс.

Онтрэ компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Оюутолгойн тусгай зөвшөөрөлтэй нэгдсэн нэгдмэл орд газар учраас үйл ажиллагааг нэгдсэн байдлаар явуулах нь эдийн засгийн хувьд зохимжтой гэж үзсэн. 

Тиймээс манай компанийн мэдэлд байгаа нөөцийг Оюутолгойн орд газраас тусдаа олборловол эдийн засгийн үр өгөөжгүй байна. 

Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл 2009 онд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани нь Онтрэ-ийн өмнөөс тусгай зөвшөөрөл бүхий талбайн олборлолтыг явуулж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг явуулах заалттай.

УИХ-ын гишүүн Э.Болормаа “Онтрэ” компанийн захирал сая хэлэхдээ тус компани нь 10 хүрэхгүй ажилтантай гэж хариуллаа. Энэ компанийн эзэмшилд байгаа хоёр лиценз дээр нийт Оюу Толгойн бүлэг ордын 32 хувь нь байна гэдгийг сая шинжээчдийн танилцуулгаас харлаа. “Онтрэ” компани нь лиценз эзэмшигчийн хувиар тодорхой эрх үүрэгтэй байгаа. Гэтэл яагаад та бүгд энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байна вэ" хэмээн асуулаа.

“Онтрэ” компанийн ерөнхийлөгч Стефен Скотт "Бид нар эрх үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэдэг дээр санал нийлэхгүй байна. Учир нь бид 2004 оноос эхлээд Оюу Толгой ХХК-тай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарч ажиллаж ирсэн. Бид 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ болоод нөөцийн үнэлгээ, уулын төлөвлөгөөгөө бэлдэж, нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж, энэ дагуу бид хамтран үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөн бид тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой, үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой бүх татвар, төлбөрийг хуулийн дагуу биелүүлж байгаа. 2004 онд Онтрэ болоод Оюу Толгой тухайн үед Айванхоу Майнз компанитай хувь оролцооны тохиролцоонд хүрсэн юм. Энэ тохиролцоо нь бидний хооронд хамтын ажиллагааны гэрээ болж хөгжсөн. Уг гэрээнд тусгагдсан бүх зүйл заалт бүхий гэрээ нь 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээнд заалт болж орсон байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдэд Онтрэ, Оюу Толгой тэр үед Айванхоу Майнз ямар нөхцөл зарчмаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг бүгдийг нь тусгасан байгаа" гэх хариултыг өглөө.

Ташрамд мэдээлэхэд, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна. Хорооны даргаар  УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажилладаг.