Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, бүх нийтээрээ амардаг баярын өдрүүд бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалт юм.

УИХ-ын гишүүн Б.Уянгын санаачилсан  юм. Тэрбээр, 

 "Манай улсад бүх нийтээр тэмдэглэх есөн баярын 16 өдрийг амралтад хамруулаад явдаг. 2022 он хүртэл амралтын өдрийн хагас, бүтэн сайнтай давхацвал Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үеэр энэ харилцаа байхгүй болсон.

Хууль хэрэглэгдэхгүй, ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг жишээ нь 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэхэд хуулийн заалт байхгүй учраас Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй байсан. Тиймээс Засгийн газарт эрхийг нь өгөхөөр хууль тогтоомжийн тухай хуулиар буцаад өгөх гэж буй юм.

Хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр өргөн барьсан. Засгийн газрын санал 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр орж ирсэн. Засгийн газраас нийтээр тэмдэглэж өнгөрүүлэх есөн баярын үндэсний хэмжээнд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар, наадам дээр авч үзье гэдэг санал оруулсан. 

Энэ долоо хоногийн Мягмар гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр амралтын өдөртэй давхацвал шилжүүлнэ гэдэг зохицуулалтыг оруулж ирээд унасан" гэв.  Уг хуульд Засгийн газраас зарчмын зөрүүтэй санал оруулж, зөвхөн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдэд таарвал ажлын өдөрт шилжүүлж байх зохицуулалт санаачилж, уг хуулийн төсөл дэмжигдлээ. Тодруулбал, бүх нийтийн бүх баяр биш зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар амралтын өдөр таарвал дараа долоо хоногт нь нөхөж амрах хуулийн төсөл дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд буцаалаа.

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.