Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цалин хөлс, үйлчилгээний тогтмол зардал төдийгүй ажилтан, албан хаагч, зарим шаардлагагүй нэгж, хэлтсийг татан буулгахаар болсон.

2026 он улс орны хувьд хэмнэлтийн жил. Тэгвэл 2025 онд 1.7 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдийн гадаад томилолтод төсөвлөсөн.

 

УИХ-ын гишүүд эхнээсээ хэн, хэдэн удаагийн гадаад томилолтод явсан нь тодорсон боловч хэдэн төгрөгийн зардлаар, хаашаа явснаа нэг ч гишүүн мэдэгдсэнгүй. Томилолтын эх үүсвэрээ тайлагнах нь гишүүдийн хувьд зохих ёсны мэдэгдэл байх ёстой. 

 

Тухайлбал, гадаад томилолтод хамгийн олон удаа явсан УИХ-ын гишүүн бол С.Цэнгүүн. Тэрбээр 2025 онд 22 удаа гадаад томилолтоор явжээ. Үүнийхээ зөвхөн нэг томилолтод улсын зардлаар явсан. Бусад томилолтын санхүүжилт нь тусдаа гэдгээ мэдэгдсэн.

Мөн С.Цэнгүүн өөрийгөө хамгийн залуу гишүүн учраас гадаад томилолтод олон удаа явж, Залуу парламентчдын холбоо, Залуу эмэгтэй парламентчдын холбоо зэрэг улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрүүдэд хамрагдсан болохоо хэлсэн.

Гэвч энэ бүх томилолтын эх үүсвэрээ тайлагнаж, ёс зүйн жишиг тогтоож, үлгэрлэх хэрэгтэй байна.