Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 8.2 хувиар өсчээ
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг өнөөдөр /2025.12.17/ танилцууллаа.
Эдийн засгийн үзүүлэлтээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцлийн хувьд энэ оны эхний 11 сард 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 477.6 сая ам.доллараар буурсан байна.
Харин экспорт 13.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар буурчээ. Нийт экспортын бараа бүтээгдэхүүний 92.5 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.
Алтны үнэ өмнөх оноос унц тутамд 855 ам.доллараар, зэсийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам 509 ам.доллараар өссөн бол төмрийн хүдэр баяжмалын үнэ нэг тонн тутам найман ам.доллараар, нүүрсний үнэ нэг тонн тутам 42 ам.доллараар буурчээ.
Гадны орноос худалдан авч буй импортын бараа бүтээгдэхүүн 10.2 тэрбум болж, өмнөх оноос 3.6 хувиар буурсан байна.
Мөнгөний нийлүүлэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.4 их наяд төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн бол нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар өссөн байна. Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3571.66 хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 4.7 хувиар суларсан байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны үеэс 1.6 хувиар өссөн бол уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурч, боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 9.0 хувиар өссөн байна.
Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулъя.
Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаар амьд төрсөн хүүхдийн тоо 49.8 мянга болж, өмнөх онтой харьцуулахад 6.4 хувиар буурсан бол халдварт өвчлөлөөр өвчлөгсөд 49.4 мянга болж өмнөх оноос 13.1 мянгаар буюу 36.3 хувиар өссөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өсчээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого зургаан их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 18.9 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 2.5 сая болж, 3.6 хувиар буурчээ. Тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний хөнгөлөлтөд 2.2 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оны үеэс 5.3 хувиар хувиар өссөн гүйцэтгэл юм. Эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 44581 болж, өмнөх оноос 12 хувиар өссөн байна.






